Хятадын Төв банк “дижитал юань” туршина

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2019-12-12 13:49:37

МОСКВА. /vesti/. БНХАУ-ын Ардын банк /Төв банк/ үндэсний дижитал валютыг цахим төлбөрт ашиглах туршилт хийхээр төлөвлөжээ. "DCEP” хэмээх улсын криптовалютыг томоохон хотууд болох Шэньжэн, Сужоуд турших гэж байгаа тухай “Technology Review” сэтгүүлд Хятадын хэвлэлүүдэд гарсан мэдээллээс иш татан бичжээ.


Хятад улс өөрийн гэсэн дижитал мөнгийг гаргасан томоохон эдийн засагтай анхны орон болж магадгүй байна. Тус улсын Ардын банк “дижитал юань”-ийг нэвтрүүлэх туршилтын эхний үе шатыг 10 гаруй сая хүн амтай Шэньжэн хотод энэ онд багтаан эхлүүлэх бөгөөд харин 2020 онд өргөжүүлэх аж. Үүний зэрэгцээ мөн ийм тооны оршин суугчтай өөр нэг том хот болох Сужоуд туршилтын төслийг эхлүүлнэ. 


Төрийн өмчит долоон байгууллага буюу харилцаа холбооны гурван компани, дөрвөн банканд "DCEP"-ийг туршина. Уг криптовалютыг тээвэр, боловсрол болон эрүүл мэндийн салбарт ашиглах зэргээр янз бүрийн хувилбаруудыг туршиж үзэх ажээ.


"DCEP" нь цаасан мөнгийг бүрэн орлоно гэж таамаглаж байна. Хятадад бэлэн мөнгө нь  “Alipay”, “WeChat Pay” зэрэг цахим төлбөрийн системүүд, мөн “QR” кодоор төлбөр хийдэг програмуудад үндсэндээ хэдийнэ шахагдаж эхэлжээ. Дээрх сэтгүүлд мэдээлснээр, 2013 онд гар утсаар төлбөр хийх арга нь Хятадад бүх төлбөрийн хэрэгслийн 20 хүрэхгүй хувийг эзэлж байсан бол 2018 онд 80-аас дээш хувийг эзэлсэн байна.


“DCEP”-ийг “Alipay” болон “WeChat Pay”-тэй хамтран гаргана гэж Хятадын Ардын банкны дижитал валютын судалгааны хүрээлэнгийн дарга Му ЧаньЧунь урьд нь мэдэгдэж байжээ. Түүний хэлснээр, уг криптовалютаар интернэтэд холбогдохгүйгээр төлбөр хийж болно. Гүйлгээний талаар мэдээлэл авах боломж төрд хэр өргөн байх тухайд тэрбээр тодорхой тайлбар өгөөгүй байна


Холбоотой мэдээ