Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчин нэмэгдэж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-12-17 08:09:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 онд дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүд хүүхдийн 1033 орыг ашиглах бөгөөд томуугийн идэвхжил, дэгдэлтийн үед 1001 ороор нэмэхээр төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн эсрэг дархлаажуулах ажлыг 2019 оны 10-11 дүгээр сард зохион байгуулж эрсдэлт бүлгийн 13.619 хүн, цэцэрлэг болон асрамжийн төвийн 72.199 хүүхэд, гэртээ байдаг буюу эрсдэлт бүлгийн 7452 хүүхэд зэрэг нийт 79.651 хүүхэд, эрүүл мэндийн 5750 ажилтан, сайн дурын дархлаажуулалтад 989 хүн буюу нийт 104.140 хүнийг хамруулаад байна. Мөн 3 хүртэлх насны 13.765 хүүхдийг 2 тунгаар дархлаажуулжээ.

Эрүүл мэндийн сайдын ”Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зарим зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” тушаалын дагуу дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орны ачааллыг зохицуулан ажиллаж байна. Тухайлбал:

  • 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл Баянзүрх дүүргийн 8, 13, 14, 16, 23 дугаар хорооны 16 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Цэргийн төв эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн 1-6 дугаар хорооны 16 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлэгт,
  • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн насанд хүрэгчдийн Дотор /1-12 хороо/, Мэдрэл /бүх хороо/-ийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нийт 100 орыг “Ачтан” эмнэлэгт,
  • Сонгинохайрхан дүүргийн 1,3,13,14,15,19,27,31 дүгээр хорооны насанд хүрэгчдийн дотрын хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг “Мөнгөн гүүр” эмнэлэгт,
  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх 90 орыг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд,
  • 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 9, 17, 24 дүгээр хорооны 16 хүртэлх насны хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа хүүхдийн эмнэлэгт шилжүүлэх ажлыг тус тус зохион байгуулсан.
  • Түүнчлэн 12 дугаар сарын 0-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасгийг нээн ажиллуулж байна.

Томуу, томуу төст өвчний зөвлөгөө, мэдээллийг хүргэх зорилгоор өнгөрсөн сарын 1-нээс дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд “Хүүхдийн  зөвлөгөө өгөх утас”-ыг нээж, “Хүүхдийн кабинет”-уудыг уртасгасан цагийн хуваарийн дагуу ажиллуулж байна.

Мөн бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл нэмэгдэж, хүндрэл ихэсч байгаатай холбогдуулан НЭМГ–ын даргын 2019 оны А/490 дүгээр тушаалын дагуу 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг ажлын өдөр 17:30-19:00, ням гаригт 10:00-16:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ыг ажлын өдөр 16:00-22:00, бямба гаригт 10:00-16:00 цаг хүртэл уртасгасан цагаар тус тус ажиллуулж байна.

НЭМГ-аас баталсан хуваарийн дагуу удирдлагын баг дүүргийн Эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд тогтмол хяналт тавин ажиллаж байгаа аж.

 

Холбоотой мэдээ