Өрхийн эмнэлгүүдэд 60 гаруй сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-17 16:59:44

Завхан /МОНЦАМЭ/.Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан "Огторгуйн Цагаан Гарьд" сангаас Улиастай сумын өрхийн хоёр эмнэлэгт тус бүр нь 30 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн иж бүрэн тоног төхөөрөмжийг өгчээ.

Улиастай сумын хамгийн олон хүн амтай Богдын гол, Жинст гэхчлэн таван багийг хариуцсан Дөрвөн оноо, Биндэргарав өрхийн эмнэлэгт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг өглөө. Тухайлбал шээсний болон цусны анализатор аппарат, УВЧ шарлагын, импра туяаны аппарат гэхчлэн нөхөн сэргээх эмчилгээний, нярайн шарлалтыг хэмждэг аппарат гээд чухал тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа. Өнөөдрийн байдлаар манай хоёр өрхийн эмнэлгээр өдөртөө дунджаар 70-80 иргэн үйлчлүүлдэг. Аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг ширхэг байдаг, нэн шаардлагатай нярайн шарлагын аппаратыг тус бүр нэгийг өгсөн нь цаг үеэ оллоо хэмээн өрхийн эмнэлгийнхэн дуулгав.

Нярайн шарлалтыг бууруулах аппарат нэн чухал гэв

Гүйцэт төрсөн нярайн 50-60 хувь, дутуу төрсөн нярайн 80 хувьд шарлалт явагддаг. Дийлэнх нярайн хувьд шарлалт ямар ч аюулгүй, ямар нэг эмчилгээгүй өөрөө арилдаг аж.

Гэвч тодорхой тохиолдолд цусан дахь билирубины хэмжээ хэт ихсэх нь хүүхдийн уураг тархийг эргэшгүйгээр гэмтээх аюултай. Цаг хугацаа алдаж өвчин даамжрах тохиолдолд булчин чангарч нумрах, татах шинжүүд илэрч болзошгүй бөгөөд цаашид оюуны хомсдол, саа саажилт, дүлийрэх, сохрох ч эрсдэлтэй. Энэхүү хүнд эмгэгийг урьдчилан сэргийлэх бүрэн боломж анагаах ухаанд өнөөдөр байна. Энэ нь фото эмчилгээ буюу гэрлийн тусламжтайгаар цусан дахь билирубиныг бууруулах арга юм. Энэ бол аппаратаар шарлалтыг бууруулна гэсэн үг. Тиймээс нярайн шарлалтаас үүдсэн хүндрэлүүдийг бууруулсан нэн шаардлагатай аппараттыг хандивласан нь цаг үеэ оллоо. Мөн шээс, цусны шинжилгээг өрхийн эмнэлэг дээрээ авдаг болох нь иргэдэд цаг заваа алдаж заавал аймгийн нэгдсэн эмнэлэгт дугаар үүсгэхгүй. Өрхийн эмнэлэгт үзүүлж буй иргэдийг хоёрдугаар шатлалын эмнэлэг рүү явуулах нь багасаж нөхөн сэргээх эмчилгээг өрхийн эмнэлэг дээрээ хийдэг болно. Хоёрдугаар шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулах гэхчлэн ач холбогдолтой юм хэмээн Улиастай сумын Биндэргарав өрхийн эмнэлгийн эрхлэгч эмч Б.Ичинхорлоо хэллээ.

Холбоотой мэдээ