Отроор яваа малчдаа эргэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-12-18 11:22:56

Өвөрхангай /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, НХХ-ын сайд С.Чинзориг энэ амралтын өдрүүдэд тойрогтоо ажиллаж, отроор яваа малчдаа эргэлээ. Түүний тойргийн сумдаас 1200 гаруй өрх өөр аймаг, сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм.

Булган, Архангай, Төв, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ, Дорнод хүртэл оторлоод байгаа малчдад татвар хураамж нэхүүлэх, хөөгдөх туугдах зэрэг дарамт бэрхшээл их байгаа аж. Харин С.Чинзориг сайдын хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн өргөтгөсөн хуралдаан өнгөрөгч сард Рашаант суманд болж, Булган, Архангай, Төв, Өвөрхангай аймгийн удирдлагууд зөвшилцөн, тодорхой үүрэг хариуцлага хүлээсний үндсэн дээр байдал хамаагүй дээрдсэн, ядаж л нүү гэж ирж дарамтлаад байхаа больсон хэмээн малчид ам сайтай ярьж байв.

Отор хүлээж авч байгаа аймаг сумдынхан малчдаас бэлчээр ашигласны болон малын хөлийн татвар хураамж нэхэхгүй, хөөж туухгүй байх, оторчдоо илгээж байгаа аймаг, сумдын удирдлагад отор нүүдлийн зам маршрутыг тодорхой болгож, малын тоо толгойг тохирч сумдын Засаг дарга нартай гэрээ хийх, малчдаа эргэж тойрох, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх зэрэг олон асуудлыг энэ үеэр шийдвэрлэсэн юм. С.Чинзориг сайд малчидтай уулзах үеэрээ энэ тухай дуулгаж, мөн зааж өгсөн газарт өвөлжих, хавар буцахдаа цэвэрлэгээ ариутгал хийх, сэг зэм үлдээхгүй байх, малынхаа эрүүл мэндийн бичиг болон А данс зэрэг шаардлагатай бичиг баримтаа авч явах зэргийг санууллаа.

Малчид хэлэхдээ зуншлага муу, газрын гарц тааруу байхаас гадна үлийн цагаан оготно бэлчээр сүйтгэж байгаа нь өвс хадлан тэжээл бэлтгэх боломжгүйд хүргээд байна гэв. Тиймээс өч төчнөөн мөнгө цацаж, үлийн цагаан оготнотой тэмцдэг ажлаа үр дүнтэй болгохыг хүслээ.

Холбоотой мэдээ