Уул уурхайн 122 тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-18 12:23:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн удирдлагууд тус аймагт хууль бусаар уул уурхайн салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн 122 тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналаа БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын багт хүргүүлжээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын баг Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалж, нөхөн сэргээлт хийлгэж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын баг Сэлэнгэ аймагт ажиллаж, 12 цэгт агаараас хяналт, тандалт хийж, хууль бусаар ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийг гэрэл зургаар баримтжуулан, хууль хүчний байгууллагуудад бүртгүүлжээ.


Хууль бус уул уурхай эрхэлж байгаатай тэмцэхэд хүн хүч, техник хэрэгсэл, хөрөнгө дутмаг зэрэг хүндрэл байгааг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил ажлын багт танилцууллаа. Түүний танилцуулснаар Сэлэнгэ аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 180 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаа юм. Энэ нь  аймгийн 13 сумын 105 мянга 790 га талбайг хамарч буй аж.

Холбоотой мэдээ