Х.Нямбаатар: Мөрийтэй тоглоомтой холбоотой хэрэгт таван жилийн хорих ял онооно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-19 18:33:47
@s_munkhbaatar

?Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 68 саналын томьёолол, найруулгын шинжтэй багцалсан долоон саналаар санал хураан төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. 

 

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд ажлын багаас асуулт асууж, тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлснээр завсарласан юм. (Энэ талаарх мэдээллийг энд дарж харна уу)

Хуулийн төслийг дагалдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтаж байгаа юм. 

 

Хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн зорилго нь хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилготой ч сүүлийн үед иргэд, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтуудыг оновчтой, тодорхой болгох, түүнчлэн биеэ үнэлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, илт худал мэдээллийг тараах зэрэг асуудалд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зохицуулжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах, гэмт хэргийн зохион байгуулалттай бүлэглэл үйлдсэн бол 12-20 жил хүртэл, эсвэл бүх насаар нь шийтгэдэг байх өөрчлөлтийг тусгасан байна.

 

Зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, мөрийтэй тоглоомтой холбоотой хариуцлагыг эрүүгийн хуульд тусгаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ төсөлд, олон нийтийн газар мөрийтэй тоглохыг хориглохоор зохицуулсан нь орон гэртээ тоглодог хүмүүст хамаарах эсэх нь ойлгомжгүй байгааг тэмдэглэж байв. Мөн  тэрбээр, мөрийтэй тоглоомыг "үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй" гэж томьёолж байгаа нь бүх төрлийн сугалааг ч хамааруулж ойлгогдохоор байгааг дурдаад, үүнд НӨАТ-ын сугалаа ч хамаатай болж байгааг сануулав. 


УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Мөрийтэй тоглоомтой холбоотой хариуцлагыг хуучин 2002 оны Эрүүгийн хуульд зохицуулсан байсан ч 2015 онд Зөрчлийн хуульд оруулсан. Ингэснээр мөрийтэй тоглоомын олон нууц газар бий болсон гэдгийг хэллээ. Харин "үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй" буюу хуулиар хориглосон мөрийтэй тоглоомыг хэлж байгаа гэв. НӨАТ-ын сугалаа нь хуулиар хориглоогүй, тусгай зөвшөөрөлтэй явагддаг тул ямар нэгэн зөрчил гарахгүйг тайлбарлалаа. Мөн сүүлийн үеийн цахим технологи ашигласан хэлбэрийг ч төсөлд зохицуулсныг онцлоод, ялыг нь таван жил хүртэл хорихоор тусгасан гэлээ. 


Гишүүд хөөн хэлэлцэх хугацааны алдаанаас болж гэмт хэрэгтэн ял завших явдал гаарч байгааг тэмдэглэж, төсөлд, яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан эсвэл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно гэж нэмэх ажлын багийн саналыг дэмжихээ илэрхийлэв. Ингээд уг саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 65.1 хувь дэмжсэн юм. Түүнчлэн малын хулгайд тооцох хариуцлагыг Зөрчлийн хуулиар шийдвэрлэж байгаа нь гэмт хэрэгтэнд хэтэрхий хөнгөдөж байгаа тул эрүүгийн хуулиар зохицуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа, гэмт хэрэгтэн ганц хурга, ишиг хулгайлсан ч таван жил хүртэлх хугацааны хорих ял эдэлнэ. Давтан үйлдэх, зохион байгуулалттай үйлдвэл хүндэрдэг байхаар төсөлд тусгасныг тайлбарлав. 


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд ойлгомжгүй байдал үүсгэсэн заалтууд байгаа тул төслийг хойшлуулах горимын санал гаргав.


Ингээд уг төслийг хойшлуулах горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр хугацаа заасан төсөл буюу УИХ-ын сонгуулийн тухай хуулийг цаг сунгаж хэлэлцэхээр боллоо. Учир нь УИХ-ын сонгууль болохоос зургаан сарын дотор уг хуульд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглосон. Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо яг одоо хуралдаж УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэхээр боллоо. Үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг эцэслэн батална. 

Холбоотой мэдээ