Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-20 10:17:50

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг 2020 оныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих жил болгохоор төлөвлөжээ. Тэгвэл эдгээр иргэдээ дэмжсэн шинэ зорилтын хамгийн эхний гэгээн мөртэй ажил биелэлээ олов. Тодруулбал аймгийн төв Сүхбаатар сумын 7-р багт байрлах төмөр замын цэцэрлэгийн хуучин байрыг аймгийн мэдэлд албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.  

Сэлэнгэ аймгийн удирдлагын багийн санаачилга хүсэлтийн дагуу УБТЗ-ын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн удирдах зөвлөлийн шийдвэрээр энэхүү байрыг ийн аймагт өгч байгаа аж. Энэхүү байрыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон "Ган зам" 7-р багийн төвийг байрлуулж, төрийн үйлчилгээний цогц байр болгохоор төлөвлөөд байгаа аж. Тус байрыг хүлээн авах үйл ажиллагааны үеэр энэхүү байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн гол төв болгон тохижуулахыг хүсэж байгаагаа аймгийн дарга хэллээ. Мөн энэ үеэр тус багийн өрхийн эмнэлгийг ч бас ойртуулан төвлөрүүлэх боломж байгааг сумын Засаг дарга Т.Гантулга хэлж байв. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэгчээр амьдралын түмэн бэрхшээлийг даван туулж, ажиллаж амьдарч яваа иргэдийн маань нэгээхэн хүсэл биелж, энэхүү байраа засаж сэлбэн, гадна дотно орчноо тохижуулах ажил тэдэнд үлдлээ.

Тус үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, ЗТХ-ийн сайдын зөвлөх, УБТЗ-ын ТУЗ-ийн дарга Б.Цогтгэрэл, Сүхбаатар зангилааны дарга Д.Довчинбазар, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Аймгийн ХБИ-ийн холбооны дарга н.Хашбаатар, Сүхбаатар сумын "Ган зам" 7-р багийн Засаг дарга Д.Ганбат болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцлоо.

 

Холбоотой мэдээ