Бурхан багшийн их дүйчэн өдөр бүх нийтээр амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-20 18:06:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 


Хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 17-нд хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүнээс өргөн мэдүүлсэн тус төсөлд, Бурхан багшийн их дүйчэн өдрөөр бүх нийтээр амрахаар зохицуулжээ. Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.


Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Лүндээжанцан нар санал хэлсэн. Гишүүд нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулав. Иймд асуудлыг өргөн хүрээнд харж, нийгмийн ёс зүйг дээшлүүлэхэд цар хүрээтэй ажил зохион байгуулах шаардлагатай гэж байлаа.  


Ингээд Төрийн байгуулалтын Байнгын хорооны саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.4 хувь нь дэмжив.

Холбоотой мэдээ