Мөсөн хотхон маргааш нээгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбай дахь мөсөн хотхон маргааш 18.00
цагт нээгдэх талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Хотхоныг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан
хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд бүтээжээ.
Нээлтэд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны
хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ
үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн гулгуур мөн нээгдэж, сүлд модны гэрэл асаах
ёслол, урлагийн тоглолт, 3D лазерын үзүүлбэр толилуулах юм.
Мөсөн хотхон нь насанд хүрэгсэд болон хүүхэд гулгах
зориулалттай мөсөн гулгуурын талбай, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл бүхий өвлийн
олимпын болон чөлөөт сэдэвт мөсөн баримлуудаас бүрдэж байгаа аж.
Өвлийн спортыг хөгжүүлэн сурталчлах, иргэд гэр
бүлээрээ ая тухтай амарч, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөх боломж бүрдүүлэх зорилгоор тус мөсөн хотхоныг бүтээжээ. Мөн мөсөн гулгуурын талбайд үнэ төлбөргүйгээр тэшүүрээр гулгах боломжтой аж.
Өвөрмөц шинэлэг шийдэлтэй мөсөн хотхоныг зураач, мөсөн
гоёл урлаач Д.Цэрэнбат нарын уран бүтээлч бүтээжээ. Мөсөөр урласан бүтээлийн хотхон Сар шинийн баяр хүртэл
Улаанбаатар хотын төв талбайг чимэх юм байна.