Саудын Аравийн эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй болох уу?

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-20 10:03:39

ЭЛЬ-КУВЕЙТ. /TASS/. Саудын Аравид сүүлийн өдрүүдэд эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй эсэх тухай асуудлаар ширүүн маргаан дэгджээ.

Энэ асуудлыг тус улсын хууль тогтоох байгууллага болох Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Султан-ас-Султан дахин хөндсөн байна. “Гадаадын иргэдийг хөлслөхийн оронд эмэгтэйчүүд жолоо барих боломжийг бүрдүүлж яагаад болохгүй гэж?” хэмээн тэрбээр хөдөлмөрийн цагаачдыг ажилд авах тухай хуулийг хэлэлцэх үеэр хэлсэн байна.

Саудын Аравийн маш олон гэр бүлийн хувьд жолооч хөлслөх мөнгөгүй байгаа. Тэд зөвхөн гадаадынхныг цалинжуулаад зогсохгүй орон байраар хангах тохиолдол олонтаа гардаг гэж ас-Султан онцлон дурджээ.

Түүний дээрх санаачилгыг мөн Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд болох Хайя аль-Маниа, Латифа аш-Шаалан нар дэмжсэн байна. “Эмэгтэйчүүдэд автомашин жолоодох эрх олгох асуудлаар шинээр хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Санал хураалт явуулахын өмнө Зөвлөл эрх мэдэл бүхий байгууллагад хандах ёстой. Бид албан ёсоор хүсэлт гаргасан” гэж аль-Маниа ярьж байна.

Энэ асуудлаар “Автомашин жолоодох бол зүгээр нэг хүсэлт биш, энэ бол хууль ёсны эрх юм” гэж сэтгүүлч Самар-аль-Мукрин нийтлэлдээ бичсэн нь олон нийтийн дунд нэлээд ширүүн маргаан дэгдээжээ. Түүний нийтлэлийг хүмүүс янз бүрээр хүлээж авсан байна. Зарим нь дэмжиж байсан бол зарим нь шүүмжлэлттэй ханджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ