Шилдэг ажил олгогчдыг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-26 13:29:52

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас “Шилдэг ажил олгогч шалгаруулах” үйл ажиллагааг гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл оролцов.

Нийт 35 аж ахуйн нэгж, байгууллага материал ирүүлснээр хоёр үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, улмаар 2019 оны шилдгүүдийг тодруулсан аж.

Үүнд:

Шилдэг захиалагч, зуучлуулагч ажил олгогч”-оор "Моннис" группийн Эм Эм И Кью ХХК шалгарсан бөгөөд 2019 онд нийт 102 ажлын байрны захиалга өгч, бүртгэлтэй ажил хайгч 82 иргэнийг байнгын ажлын байраар хангасан аж.

Шинэ ажлын байр бий болгосон шилдэг ажил олгогч”-оор "Алтай эко тур" ХХК-ийн "Аравт" зоогийн газар шалгарав. Тус зоогийн газар 12 ажлын байр бий болгосон.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэгч байгууллага”-аар "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК шалгарсан бол “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан шилдэг ажил олгогч байгууллага”-аар ХААН банкны Ховд салбар шалгарчээ. ХААН банк нь хөгжлийн бэрхшээлтэй 9 иргэнийг тогтвор суурьшилтай байнгын ажлын байраар хангаж байсан бол 2019 онд хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг дахин байнгын ажлын байраар хангасан гэнэ.

Байнгын ажлын байраа хадгалагч ААН, байгууллага”-аар Буянт үйлийн шим хоршоо шалгарав. Буянт үйлийн шим хоршоо нь 20 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, 2019 онд ажлын хувцас үйлдвэрлэх чиглэлд шинээр 10 байнгын ажлын байр бий болгосон аж.

Ховдод үйлдвэрлэв” борлуулалтын төвөөр хамгийн их борлуулалт хийсэн үйлдвэрлэгчээр Б.Зоноров шалгарав. Иргэн Б.Зоноров нь суран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Борлуулалтын төвөөр дамжуулан 4.2 сая төгрөгийн бүтээгдэхүүн зарж, үзэсгэлэн худалдаанд тогтмол амжилттай оролцож байна.

Дээрх шилдэг ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. 

Холбоотой мэдээ