Г.Пүрэвсүрэн: Нийтийн тээвэр, газар тариалангийн техникийн шинэчлэлд бид оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-12-27 09:54:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөгжлийн банк дэргэдээ хөрөнгө оруулалтын “Ди Би эм ассет менежмент” болон тоног төхөөрөмжийн түрээсийн үйл ажиллагааны “Ди Би Эм лизинг” гэсэн хоёр охин компани байгуулан ажиллаж байгаа билээ. Дээрх 2 компанийн нэг “Ди Би Эм лизинг” компанийн үйл ажиллагааны талаар захирал Г.Пүрэвсүрэнгээс тодруулсан юм.

-Танай хоёр компани байгуулагдаад бас нэлээн хугацаа өнгөрчээ. Зөвхөн зээлдэгч, харилцагч нараар хязгаарлагдаггүй байх. Тиймээс үйл ажиллагаагаа тодорхой танилцуулна уу?

-Тийм ээ. Манай компани УИХ-ын 2015 оны, Засгийн газрын 2016 оны тогтоолоор 2017 оны  6 дугаар сард байгуулагдсан. Манай нөгөөдөх “Ди Би эм ассет менежмент” компани болохоор хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхэлж байгаа, саяхан СЗХ-ноос тусгай зөвшөөрлөө авсан. Өнгөрсөн намар манай улсад айлчилсан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалаар 100 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн.

Манай компанийн хувьд ААН-үүдэд тоног төхөөрөмжийн лизинг буюу санхүүгийн түрээс үзүүлдэг. 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнгөрсөн сард манай хувьцаа эзэмшигчдийн хурлаар өөрийн хөрөнгийн хэмжээг 100 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлснээр ийм хэмжээний нийт дүрмийн сантай болоод байна. 130 тэрбум төгрөгийн активтай. 97 тэрбум төгрөгийн зээлийн багцтай.

Уул уурхай, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл, эрүүл мэнд, эрчим хүч, зам, тээвэр, дэд бүтэц гэсэн үндсэн 6 салбарт үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр гэвэл ХАА-д 56 тэрбум, уул уурхайд 20 тэрбум төгрөгийн санхүүгийн түрээс олгосон. Уул уурхай, ХАА, боловсруулах салбарт илүү идэвхтэй ажиллаж байна.

-Танай компанийг байгуулсан гол шалтгаан нь юу вэ?

-Манай улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих зорилгоор стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, ХАА, эрчим хүч, дэд бүтэц болон эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд машин, механизм, техник, тоног төхөөрөмж худалдан авахад нь санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэхээр зорилгоор байгуулсан. 


Гол нь банкныхаа харилцагч болон зээлдэгч нарт лизингээр үйлчилдэг юм. Жишээ нь, манай Хөгжлийн банкны зээлдэгч байлаа гэхэд өөрийн хэрэгцээ шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг манай компаниар дамжуулан худалдаж авч байна гэсэн үг. Бид худалдаж аваад зээлдэгч нартаа түрээслүүлдэг. Тэгээд эргэн төлөлт хийгдээд тодорхой хугацааны дараа тоног төхөөрөмжөө өөртөө шилжүүлж авах юм. Давуу тал гэвэл тухайн тоног төхөөрөмж нь барьцаанд байдаг учир санхүүгийн үзүүлэлт сайтай компаниудад нэмэлт барьцаа шаардлагагүй болж байгаа юм. Үйл ажиллагаа өмчлөл нь Лизингийн тухай хуулиар зохицуулагддаг.

Лизингийн бусад компаниудтай харьцуулахад манайх 4-5 жилийн, илүү урт хугацаатай санхүүжилтийг олгож байгаа. Хүүгийн хувьд нэг оронтой тоон дээр барьж ажиллана. Ийм давуу талуудтай. Лизингийн санхүүгийн түрээсийг бид ААН-үүдэд л олгодог, иргэдэд олгодоггүй. Зөвхөн зээлдэгч, харилцагчаар хязгаарлагдахгүй, аль хүссэн компани, ААН манайд хандах боломжтой.

-Танайд хэрхэн, яаж хандах вэ?

-Тухайн ААН хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжөө авахын тулд эхлээд үйлдвэрээ сонгоод манайд төслөө бариад ирнэ. Манайх банкны зарчмын дагуу судалгаа, шинжилгээгээ хийгээд тухайн тоног төхөөрөмжийг үйлдвэрээс нь шууд худалдаж аваад олгож байгаа. Ийм боломжтой.

-Ямар тоног төхөөрөмжүүдийг лизингээр олгоод байгаа талаар тодруулна уу?

-Уул уурхайд гэхэд том том экскаваторуудыг худалдан аваад лизингээр олгож байна. Мөн нүүрс тээврийн автомашинууд байна. Энэ тал дээр дотоодын 3-4 компанитай хамтран ажиллаж байна. Нийслэлд гэхэд нийтийн тээврийн автобуснууд нийлүүлж байгаа. Гол үндсэн тоног төхөөрөмжүүд нь энэ юм. Ирэх оны I улиралд багтаан манайх БНХАУ-ын Хөгжлийн банкны санхүүжилтээр нийслэлд цахилгаан автобуснууд оруулж ирж нийтийн тээврийн паркийг шинэчлэх гэж байна. БНСУ болон Японы автобуснуудыг оруулж ирэхээр мөн судалж байна.

Манайх сүүлийн 3 жилд ХХААХҮЯ-тай хамтраад ОХУ-аас нийтдээ 20-иод сая еврогийн, трактор, комбайн, үрлэгч зэрэг мянга орчим техник, тоног төхөөрөмж оруулж ирж Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан газар тариалан эрхлэгч нарт лизингээр эзэмшүүлсэн. Яамны мэдээгээр манай улсын газар тариалангийн нийт техникийн 30 хувь нь шинэчлэгдээд байгаа гэсэн. Энд бид өөрсдийн хувь нэмрээ оруулж буйд баяртай байгаа.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ