В.Жуковский:Гадаад түншүүдийн хувьд бид саалийн үнээ болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-20 13:12:05

МОСКВА. /Kommersant/. ОХУ 1 тэрбум долларын зээлийг Монголд хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр олгож магадгүй байна. Энэ тухай “FlashSiberia” агентлаг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжиллаа. Монголд зээл олгох асуудлаар Улаанбаатарын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа нь үнэн гэдгийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өмнө нь мэдэгдсэн юм. Гэхдээ сайд чухам хэдий хэмжээний зээл олгох гэж буйг тодорхой дурдаагүй. Лавровын хэлснээр, ОХУ Монголд рублиэр зээл олгож магадгүй бөгөөд энэ нь хоёр орны “худалдааг тэнцвэржүүлэхэд нөлөөлнө”. Энэ асуудлаар «Деловой России» шинжээчдийн зөвлөлийн гишүүн Владислав Жуковскийтэй «Коммерсантъ FM» радиогийн хөтлөгч Оксана Барыкина ярилцжээ.

-Миний санаж байгаагаар, 2010 оны 12 дугаар сарын байдлаар ОХУ-д тавьсан Монголын нийт өрийн хэмжээ 174 сая доллар байсан. Москвагийн эрх баригчид энэ оны хоёрдугаар сард Монголын өрийн 98 хувийг цайруулав уу даа?

-Тиймээ.

-Тэгээд одоо дахиад 1 тэрбумын зээл олгох гэж байх шиг байна?

-Ер нь манай гадаадын ч, дотоодын ч санхүүгийн бодлого үнэн хэрэгтээ хийсвэр байдалтай. Түүгээр барахгүй төлбөрийн тэнцлийн албан ёсны мэдээллээр, Оросын албан тушаалтнууд 2000-2014 онд Этиоп, Сири, Алжир, Ливи, Афганистан, Монгол зэрэг гуравдагч орнуудын 118 тэрбум гаруй доллароор хэмжигдэх өрийг цайруулах мэргэн ухаан гаргасан. Нэг доллар 33 рубльтэй тэнцэж байсан хуучин ханшаар тооцвол 118 тэрбум доллар нь 3.5-4 их наяд рубльтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, энэ нь манай улсын хөдөө аж ахуйг дэмжихийн тулд 10 жилийн хугацаанд зарцуулах мөнгөтэй тэнцүү гэсэн үг бөгөөд ийм хэмжээний мөнгөөр хөдөө аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн цогцолбор, хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь сэргээж болох байлаа.

Гадаад бодлогын үүднээс авч үзвэл бид маш хүнд нөхцөлд байгаа бөгөөд нөгөөтэйгүүр эрх баригчид зах хязгаар улс орнуудын итгэлийг олж авах хэрэгтэй болсон, энэ нь эдийн засгийн бус харин цэвэр улс төрийн шийдэл юм. Харин эдийн засгийн үүднээс авч үзвэл энэ нь хийсвэр зүйл юм. 

Бид гуравдагч орнуудын өрийг цайруулах хэрэггүй бөгөөд татвараа маш ухаалаг байдлаар цуглуулах хэрэгтэй. 2016 онд түлш, шатахуун, дизелийн онцгой албан татварыг хоёр ч удаа нэмэгдүүллээ. Үйлдвэрлэлийн үндсэн зардал, үнэ өсч, ард түмний амьжиргааны түвшин буурч байгааг бид харж байна.

Энэ бол Монгол, Туркмен эсвэл Дундад Азийн аль нэг орны итгэлийг худалдан авч, улс төрийн хэвийн харилцаа тогтоох гэсэн цэвэр улс төрийн шийдвэр юм. ТУХН-ын хүрээн дэх гадаад эдийн засгийн түншүүдийн маань ихэнхийнх нь хувьд манай орон бол дотоод эдийн засаг, улс төрийн асуудлаа шийддэг нэг төрлийн саалийн үнээ юм. Худалдааны тэнцвэрийн асуудлыг шийдэхэд нь бид монголчуудад тусалж байна гэж манай албан тушаалтнууд ярьдаг бол манай улсын гадаад худалдааны тэнцлийн асуудлыг шийдэхэд хэн туслах вэ?

-Ийм байдалтайгаар бид хэзээнээс зээл хүсч эхлэх бол?

-Та маш зөв асуулт тавилаа. Бид бусдын өрийг цайруулж байгаа боловч манай улсын өрийн хэмжээ нэмэгдсээр байна.  Зарим нэг шинжээч бид бүгдэд нь туслах ёстой гэж ярьдаг. Бид тусалж байгаа боловч сүүлийн 7-8 жилийн хугацаанд манай улсын өр 4.5 их наяд рублиэс 11 их наяд рубль хүртэл өссөн нь хачирхалтай. Бид бүх өрийг уучилж, цайруулж байна. Гэтэл ТУХН-ийн орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлснээр манай худалдааны бүтцэд чанарын өөрчлөлт гарахгүй л байгаа. Ийм учраас бидний өр нэмэгдсээр байгаа юм. Бид одоо зээлээ төлөхөд 550-600 тэрбумаас давсан хэмжээний рубль зарцуулж байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйдаа зарцуулж байгаа бараг хоёр дахин их мөнгө юм. Дээрх өрнүүдийг цайруулахгүй байж болох байсан бөгөөд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж, бизнесийн асуудлыг шийдэх байдлаар наймаалцаж болох л байсан.

-Тэгвэл бид Монголтой ямар ашигтай наймаа хийж болох вэ? Ийм боломж бий юу?

-Энэ бол Ерөнхийдөө түүхий эдэд тулгуурласан, хөдөө аж ахуй бага зэрэг хөгжсөн бүс нутгийн маш жижигхэн өвөрмөц онцлогтой эдийн засаг юм. Гэхдээ Монголд Тажикистан, Узбекистан, Киргиз гээд ер нь Дундад Азитай адил Хятадын нөлөө маш хүчтэй байдаг бөгөөд Монгол дахь Оросын оролцоог Хятадынхтай харьцуулахад нэг дахин бус харин 10 дахин бага гэж хэлж болно. Эндээс ажвал бидэнд Дундад Ази болон ТУХН-ийн орнуудтай гадаад эдийн засгийн үр ашигтай, тууштай, тодорхой бодлого байхгүй нь харагдаж байна. Үүний маш тод жишээ бол Украин юм. Дундад Азиас чухам юу хүсч, юу хийхийг хүсч байгаагаа бид өөрсдөө ч ойлгохгүй байна.

-Лавров худалдааны тэнцлийн талаар ярьж байсан.

-Ямар ч зорилго, зорилт байхгүй, ямар ч ойлголт байхгүй үед бид хаашаа явах вэ?

- Владимир Сергеевич, гэхдээ Сергей Лавров Монголтой худалдаагаа тэнцвэржүүлнэ гэж ярьж байсан. Бид Монголоос зөвхөн авчихаад, хариуд нь юу ч өгөхгүй байгаа юу?

-Манай улсын ТУХН-ийн орнуудтай хийж буй гадаад худалдаа ерөнхийдөө гурав дахь жилдээ дараалан буурсан. Манай гадаад худалдааны эргэлтэд түүгээр барахгүй ТУХН-ийн орнуудтай хийдэг худалдаанд түүхий эд давамгайлдаг учраас нефтийн үнийн нөлөө асар их байна.

Тийм учраас Монгол эгнээнд нь элсч ороогүй ТУХН болон Евразийн эдийн засгийн холбооны эзлэх хувь харамсалтай  нь тасралтгүй буурч байна. ОХУ-ын Монголтой хийж буй гадаад худалдааны талаар би эндүүрч байж магадгүй. Гэхдээ манай улсын оролцоо бага хувьтай байна гэдэг нь өөрөөр хэлбэл манай улсын хувьд худалдааны маш жижигхэн түнш гэсэн үг юм. Тус улсын худалдаанд эзлэх хувь Оросын эдийн засагт ч ард түмний амьжиргааны түвшинд ч нөлөөлөхгүй. Ийм учраас бид өрийнх нь 90-95 хувийг цайруулж байна. Яагаад 10 их наяд рублийн хэрэглээний зээл авсан ядуу оросуудын өрийг хэн ч цайруулахгүй байна вэ? 

-Гэхдээ үүнийг хэн ч харахгүй байгаа шүү дээ, гадаад бодлогын хувьд та юу ярих вэ?

-Хэргийн учир үүнд л байгаа юм. Бидэнд алсыг харсан хүмүүс хэрэгтэй байна, бид чинь геополитикийн бодлого, тоглолтыг сонирхож байгаа, та бид бүхний амьдрал, эдийн засаг чухам хүн амын амьжиргааны түвшин, үйлдвэрлэгчдийн төлбөрийн чадвараас шалтгаална гэдгийг ойлгохгүй байна. Энд өөр арга хэмжээ авах шаардлагатай. Харин бидний 15 жилийн хугацаанд цайруулсан 115 тэрбум доллароор үл хөдлөх хөрөнгийн хөнгөлөлттэй зээл олгосноор Оросын 1 сая иргэнийг орон сууцаар хангаж болох байлаа.

Д.Жаргал

Холбоотой мэдээ