“Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн хэвлэл мэдээллийн холбоог байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-20 13:36:17

БЭЭЖИН. /Рrime/. “Торгоны замын эдийн засгийн бүс”-ийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтын ажиллагааны медиа холбоо байгуулсан тухай Хятадын төв телевиз мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааны холбоог Бээжин хотод даваа гарагт байгуулжээ. Ийм холбоо байгуулах санаачилгыг Хятадын тив хоорондын харилцаа холбооны төв гаргасан байна. Хятадын төв телевизээр мэдээлснээр, тус медиа холбоонд Сингапурын телевизийн “News Asia” суваг, Монголын үндэсний олон нийтийн телевиз, “National Geographic” болон “Discovery” суваг зэрэг хэвлэл мэдээллийн 16 байгууллага нэгджээ.

Тус холбооны гол зорилго нь хамтын ажиллагааны ил тод механизмыг бүрдүүлэх, мөн контент, мэдээлэл солилцох хэлбэрийг бий болгох  явдал юм. Түүнчлэн “Торгоны замын эдийн засгийн бүс” төслийн тухай хоёр баримтат кино бүтээхээр төлөвлөжээ.

Харин "Хуанцю шибао" сонинд дээрх холбоонд хэвлэл мэдээллийн 17 байгууллага нэгдсэн гэж бичсэн байна. Холбоог байгуулах ёслолд Болгар, Мальдив, Серби, Македон, Грек, Монгол, Камбож, Вьетнам, Мьянмар улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцжээ. Мөн олон улсын телевизийн сувгийг хамтран байгуулахаар төлөвлөсөн байна.

Телевизийн суваг нээх бэлтгэл ажлыг тус холбооны гишүүд энэ оны 11 дүгээр сараас өмнө дуусган, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс нэвтрүүлгээ цацаж эхлэх аж.

Д.Жаргал

 

 

 

Холбоотой мэдээ