“Нэг суурин-Нэг бахархал аян”-ы хүрээнд аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүнүүд шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-30 21:47:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Нэг суурин-Нэг бахархал аян”-ы “Аймгийн брэнд бүтээгдэхүүн”-ээр Дархан сумын иргэн Т.Азбаатарын “ZEKL цүнх”, “Аймгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр “Дархан савхи” ХК-ийн “Нисгэгч хүрэм”, Хонгор сумын “Батмөнхзаяамаа нинжин нөхөрлөл”-ийн “Ханиадны зэхмэл цай”, тусгай байрт Шарын гол сумын иргэн К.Оюунцэцэг “Амт талх” тус тус шалгарч, Өргөмжлөл, брэнд лого хэрэглэх эрхээ өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд тэргүүтэй ажлын хэсгээс гардан авлаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар баг, сум бүрээс өөрийн бахархалт бүтээгдэхүүнийг нээн илрүүлэх, тэдгээрийг хөгжүүлэх, хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, орон нутгийн “Брэнд бүтээгдэхүүн” шалгаруулах зорилготой “Нэг суурин-Нэг бахархал аян”-ыг нэг жилийн хугацаанд зохион байгуулж ажилласан юм.

Аяны хүрээнд 2011-2018 онд брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, 2018 онд бүсийн брэндээр шалгарч байсан “Зум” нэртэй хоолны амталгаа, НҮБ-ын Олон улсын Хөдөлмөрийн байгуулага, Нийгмийн түншлэлийн сүлжээ ТББ-тай хамтран Сум хөгжүүлэх сангаас зээл авсан болон шинээр үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа 20 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдэд “Маркетингийн борлуулалт зардлын тооцоо”, МҮХАҮТ-ын Дархан салбар танхимтай хамтран “Брэнд логонд хэрхэн эрхийн хамгаалалт хийх вэ” сургалтыг тус тус зохион байгуулж, брэндийг бий болгох, хөгжүүлэх, лого хэрэглэх талаар мэдлэг олгосон байна.

Сав баглаа боодлын чиглэлээр Шарын гол, Дархан сумын үйлдвэрлэгч 180 гаруй иргэнд сургалт хийж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, гарын авлага материалаар хангав. Мөн Сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж буй иргэдийг чадавхжуулах сургалтыг 4 суманд амжилттай зохион байгуулжээ.

Мөн аяны хүрээнд “Цагаан сар үзэсгэлэн худалдаа”, “Төвийн бүсийн түншлэл үзэсгэлэн худалдаа”, “Брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа”, “Брэнд хоолны үзэсгэлэн худалдаа” зэргийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, МҮХАҮТ-ын Дархан салбар танхим, Эмэгтэйчүүдийн холбоодтой хамтран орон нутагтаа зохион байгуулж 280 үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлан 230.0 сая төгрөгийн борлуулалтыг хийсэн байна.

Монгол - Хятадын экспод оролцох тухай мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргэж МҮХАҮТ-ын Дархан салбар танхим аймгаа төлөөлж 7 аж ахуйн нэгж оролцсон байна.

 

Холбоотой мэдээ