О.Баасанхүү: Тэтгэврийн зээл тэглэх хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулж байгаа тухай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид телевизээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэхдээ, Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн шийдвэр гарсныг мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн байр суурь болон боловсруулж буй хуулийн төслийн тухай танилцууллаа.
Тэрбээр, “Монгол Улс 29 тэрбум ам.долларын гадаад өртэй. Энэ үед ҮАБЗ зөвлөлдөөд дээрх шийдвэрийг гаргалаа. Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулна гэсэн. Үүнийг УИХ-д зөвлөгөө өгч байгаа гэж ойлгож байна. УИХ-ын гишүүн хууль санаачилж, батлуулдаг. Хоёр асуудал шийдэгдвэл энэ хууль бэлэн болно. Тодруулбал, энэ ордыг эзэмших өмчлөлийн маргаан шүүхээр эцэслэн шийдэгдсэн эсэх нь эргэлзээтэй байгаа. Мөн ноднингийн 11 дүгээр сард авсан мэдээллээр, зээл тэглэхэд 776 тэрбум төгрөг хэрэгтэй юм байна. Гэвч энэ мөнгөний эх үүсвэр тодорхойгүй. Газар доорх баялгаа авахын тулд төр өөрийн мөнгөөр ухах боломжгүй. Тиймээс мөнгө зээлэх, эсвэл гадны хөрөнгө оруулалтыг татаж, ашгаа хуваах гэсэн арга байна. Гэхдээ төрийн өмчийн компанийн ашгийг Төр мэдэхгүй. Түүнийг тухайн компанийн ТУЗ л шийдэх ёстой. Тиймээс эрх баригчид мөнгө хэвлэх замаар асуудлыг шийдвэрлэж магадгүй” хэмээв.
Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа, “Хэрвээ мөнгөний эх үүсвэр нь байгаа бол ахмадуудыг алагчлахгүй хуваарилах схемийг хуулийн төсөлд тусгана. Салхитын мөнгөний ордын өмчлөл нь маргаангүй гэдэг нь баталгаажвал энэхүү хуулийн төслийг өргөн барина. Батлах эсэх нь эрх баригчдын шийдэх асуудал. Төсөлд, 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүд бүгд тэтгэврийн зээлээ тэглүүлэхээр зохицуулна. Ингэхдээ, зээл аваагүйд нь нэг удаа зээл авах эрх олгож, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгодогтой адил зохицуулсан хуулийн төсөл байгаа” хэмээн тайлбарлалаа.