Дэлхийн томоохон улс орнуудын удирдагчдын шинэ жилийн мэндчилгээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-01-02 12:22:55

БЭЭЖИН. /CGTN/. Дэлхийн улс орнуудын удирдагчид улиран одож буй 2019 оноо үдэж, айлчлан ирж буй 2020 оноо угтах цаг мөчид ард иргэддээ хандан шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэв.


БНХАУ-ын дарга Си Жиньпин:

Манай улсын хувьд 2020 он өндөр ач холбогдолтой жил байх болно. Ядуурлыг арилгах нь ирэх 12 сарын хугацаанд хэрэгжүүлэх ажлуудын тэргүүн эгнээнд бичигдэнэ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:

Манай улс, манай нийгэмд тулгарсан асуудлуудыг зохицуулахад Оросын нэгдэл чухал ач холбогдолтой. Бид үймээнтэй, эрчимтэй, зөрчилдөөнтэй цаг үед амьдарч байгаа хэдий ч Оросыг хөгжүүлэх бүхий л зүйлийг хийх болно, хийх ч ёстой. Ингэснээр бидний амьдрал улам сайхан болно.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:

2019 онд АНУ-ын эдийн засагт олон ололт амжилт гарлаа. Ажлын байрыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний шинэчлэл хийж, татварыг буурууллаа. Ирж буй 2020 он америкчуудын хувьд агуу жил байх болно.


Японы Ерөнхий сайд Абэ Шинзо:

2020 оны долдугаар сард Токио хотноо эхлэх Олимп, Паралимпын наадмыг амжилттай зохион байгуулж, дотоодод хийгдэж буй томоохон шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхээ амлаж байна. Бид цаашид улс орны хэтийн хөгжилтэй холбоотой томоохон шинэчлэлүүдээ үргэлжлүүлнэ. Мөн бид Рэйва эриний хоёр дахь жилтэй золгож байна.


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин:

Айлчлан ирж буй онд шинэчлэлийн арга хэмжээнүүд үр дүнгээ өгнө. Нийгмийн шударга ёсыг хөгжүүлэхэд гаргасан ард иргэдийнхээ хүчин чармайлтад талархал илэрхийлье. 2020 онд та бүгдийнхээ ачийг хариулах болно. Олон саад тотгор тулгарсан энэ үед мөн олон өөрчлөлт бий боллоо.


Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон:

Тэтгэврийн шинэчлэлтэй холбоотойгоор жагсаал цуглаан өрнөж байгаа хэдий ч уг өөрчлөн шинэчлэлтийг хэрэгжүүлнэ. Манай засаг захиргаа үйлдвэрчний эвлэлүүдтэй яаралтай зөвшилцөх болно.


Германы Канцлер Ангела Меркель:

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, ирээдүй хойч үеэ энх тайван, хөгжил цэцэглэлттэй эрин үед амьдруулахад бүхий л хүчин чадлаа зориулна.

Өдгөө 65 насыг зооглосон би улс төрчдийн шийдвэрээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаврыг төдийлөн их амсахгүй. Харин үр хүүхдүүд, ач зээ нар маань бидний өнөөдөр хийгээгүй зүйлийн үр дагаврыг амсах ёстой болно.


Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо:

Канадад ядуурлыг арилгах, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцээ өрнүүлэхэд ихээхэн ахиц дэвшил гарлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, дунд давхаргыг бэхжүүлэх, ард иргэдийг аюулгүй, эрүүл байлгахын төлөө илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Ирж буй арван жилийг канадчуудыг тодорхойлдог хүндэтгэл, нээлттэй байдал, энэрлийн үнэлэмжийг дахин сэргээж эхлүүлье. Хөршүүдийн хувиар хамтарч, нийтлэг ашиг сонирхлыг эн тэргүүнд тавьж, бүгдийн хувьд гэрэл гэгээтэй маргаашийг бүтээцгээе.


Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган:

Турк улсын Ливи улстай байгуулсан аюулгүй байдал, далайн хилийг тогтоох тухай хэлэлцээр 2020 онд бүрэн хэрэгжиж эхэлнэ. Өнөөдөр туркчууд хэзээд байгаагүйгээр итгэлтэй, найдвартайгаар ирээдүй өөд харж байна.


Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани:

Шинэ жилийн баярын мэндийг дэлхийн улс орнуудын удирдагчдад хүргэж, энх тайван, сайн сайхнаар дүүрэн байхыг хүсье. Дэлхийн удирдагчид улс орондоо тулгарсан сорилтуудыг зохицуулж, ард иргэдээ энх тайван, аюулгүй, хөгжил цэцэглэлтээр дүүрэн нийгэмд амьдруулах боломжийг нээж өгөөсэй хэмээн хүсэж байна.  


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон:

2020-иод оныг хөгжил цэцэглэлт, боломж бололцоогоор дүүрэн байлгахын төлөө хамтран ажиллахыг британичууддаа уриалъя. Их Британийг энэ сарын эцсээс өмнө Европын Холбооноос гаргана гэдгээ тангараглаж байна.

Улиран одож буй 2019 ондоо баяртай хэмээн хэлж буй энэ үед өнөөгийн нийгмийн амьдралд давамгайлж байгаа хуваагдмал байдал, атаа хорсол, тодорхойгүй байдлыг мөн ардаа үлдээцгээе.


Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди:

Айлчлан ирж буй 2020 он аз жаргал, хөгжил цэцэглэлтээр дүүрэн байх болтугай. 2019 онд олон ахиц дэвшил гарлаа. Ирэх жилүүдэд Энэтхэг улс улам өөрчлөгдөж, 1.3 тэрбум иргэний амьжиргаа дээшилнэ хэмээн найдаж байна. 

Холбоотой мэдээ