Д.Алтангэрэл эдийн засгийн салбарын зургаа дахь гавьяат болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-02 14:39:36

Ховд /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойгоор “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” цол хүртсэн Д.Алтангэрэл Ховд нутагтаа хүрэлцэн ирлээ.

Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн СТСХ-ийн дарга Ч.Багдал нараар ахлуулсан ажлын хэсэг, Эрдэнэбүрэн сумын удирдлага, салбарын хамт олон нь шинэхэн гавьяатыг Ховд нисэх онгоцны буудалд угтан авч, хүндэтгэл үзүүлэв.

Дараагаар нь аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан хүлээн авч уулзан баяр хүргэж, хүндэтгэл үзүүлсэн бөгөөд аймгийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл, дурсгалын зүйл гардууллаа.

Д.Алтангэрэл улсад нийт 45 жил ажилласан. Үүнээс 35 жилд нь аймгийн төр захиргааны байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт ажиллажээ. Тэрбээр Ховд аймгийн эдийн засгийн салбараас төрж буй зургаа дахь гавьяат болж байна.

Хамгийн анх аймгийн Төлөвлөгөөний комиссын даргаар ажиллаж байсан П.Лувсандорж Монгол Улсын гавьяат эдийн засагч болж байсан. Дараа нь Манхан сумын Сум нэгдлийн дарга асан Ү.Цэдэнбал, аймгийн Засаг дарга асан Н.Дамба, Статистикийн хэлтсийн дарга асан А.Шайзан, зохиолч, сэтгүүлч, эдийн засагч Д.Жүгдэрбарам нар энэхүү шагналыг хүртэж байжээ.

Холбоотой мэдээ