Бэлчээрийн унаган байдалд алдагдаж, 65 хувь нь доройтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-04-20 16:11:17

Монгол Улсын нийт газар нутгийн 72.1 хувь нь бэлчээр, хадлангийн зориулалттай газарт хамаардаг. 2014 оны байдлаар бэлчээрийн унаган төлөв байдал нь өөрчлөгдөж 65 хувь нь тодорхой хэмжээгээр доройтсон байна.

Хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувийг, үүний дотор мал аж ахуйн салбар нь 80 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний гуравны нэг нь уг салбарт ажиллаж байна.

Тиймээс улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой энэ салбарын тогтвортой хөгжлийн үндэс суурь болсон нөхөн сэргээгдэх нөөц-бэлчээрийг зөв зохистой ашиглах, хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах асуудал чухлаар тавигдаж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Бэлчээрийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг ХХААЯ-наас батлагдсан үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Бэлчээрийн тухай хуулийн төсөл нь бэлчээрийн даац хэтрүүлж байгаа үндсэн шалтгаан болох хэн ч хариуцлага хүлээдэггүй “нийтээр дундаа ашиглах” өнөөгийн тогтолцоог халж, аж ахуй эрхлэгч малчин өрхийг хот айл, саахалтаар нь бүлгийн зохион байгуулалтад оруулан бэлчээрийг гэрээгээр ашиглуулан хариуцуулах, бэлчээрийг урт хугацаагаар гэрээгээр ашиглуулах, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын менежментийг төлөвшүүлэх, бэлчээрийн доройтол, талхлалтад нөлөөлж байгаа шалтгааныг арилгах, нөлөөллийг сааруулахад чиглэнэ. 

Уг хуулийн төсөл батлагдсанаар бэлчээрийг ашиглах, хамгаалах гэрээний талуудын эрх үүрэг хариуцлагыг нарийвчлан зохицуулж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалахад чиглэгдсэн Монгол орны өвөрмөц нөхцөлд тохирсон уламжлалт мал аж ахуй эрхлэх арга ажиллагааг хадгалсан, бэлчээрийн даац, сэргэх чадавхийг малын тоо толгой, сүргийн бүтэцтэй уялдуулсан бэлчээр ашиглалт, хамгаалалтыг төлөвшүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.

 

Холбоотой мэдээ