“Алтан бөмбөрцөг”-ийн шилдгүүд тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-06 12:18:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. “Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо болж байна.



“Шилдэг драм” кино

Энэ төрөлд Их Британийн найруулагч Сэм Мендесийн Дэлхийн нэгдүгээр дайны үйл явдлуудын тухай өгүүлдэг “1917” түүхэн кино шалгарчээ.  


Шилдэг кино зохиол 

Америкийн найруулагч Квентин Тарантино “Холливудад нэг удаа” киногоороо “Шилдэг кино зохиол” төрөлд Алтан бөмбөрцөг шагналыг хүртжээ.


Лос Анжелес дахь 1969 оны үеийн үйл явдлыг дүрсэлсэн уг кинонд телевизийн од байсан Рик Далтон, түүний орлон тоглогч Клифф Бут нарын тухай өгүүлдэг байна. Цуврал алуурчин Чарльз Мэнсонтой холбоотой үйл явдал болон найруулагч Роман Поланскийн гэргий Шэрон Тейтийн амийг хөнөөсөн хэрэг гарах үед үйл явдал өрнөдөг байна.

Тус кинонд Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби, Аль Пачино, Курт Рассел, Тимоти Олифант, Дакота Фаннинг, Люк Перри зэрэг алдартай жүжигчид дүр бүтээжээ.  


Тарантинотой хамт энэ төрөлд найруулагч Ноа Баумбакийн “Гэрлэлтийн түүх”, Өмнөд Солонгосын найруулагч Пон Жун Хоны “Шимэгч”, Шинэ Зеландын найруулагч Энтони МакКартений “Хоёр пап лам”, Америкийн кино найруулагч Стивен Зеллианы “Ирланд хүн” зэрэг кино өрсөлдсөн байна.


 Шилдэг инээдмийн цуврал кино

“Шилдэг инээдмийн цуврал кино төрөлд” Их Британийн жүжигчин Фиби Уоллер-Бриж зохиолыг нь бичиж, гол дүрд нь тоглосон “Өөдгүй амьтан” кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Жүжигчин Фиби Уоллер-Бриж “Инээдмийн цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин” төрөлд мөн шалгарсан байна.



Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино 

Шилдэг зурмал, хөдөлгөөнт кино төрөлд  Laika” студийн “Алдагдсан хэсэг” хүүхэлдэйн кино шалгарсан байна. Энэ төрөлд “Frozen 2”, “Араатны хаан арслан”, “Тоглоомын түүх 4”, Лууг хэрхэн сургах вэ 3” зэрэг орлогоороо дээд амжилт тогтоосон бүтээлүүд өрсөлджээ.



Шилдэг телевизийн цуврал эсвэл телевизийн кино

Энэ төрөлд “Чернобыль” богино хэмжээний цуврал кино “Алтан бөмбөрцөг”-ийн эзнээр тодорчээ. Америкийн "HBO" телевизийн Их Британийн "Sky" телевизтэй хамтран бүтээсэн "Чернобыль" таван ангит цуврал кино нь 1986 онд Чернобылийн Атомын цахилгаан станцад  болсон осол болон түүний хор уршгийг арилгаж, ослын учир шалтгааныг олох тухай өгүүлдэг юм. Өнгөрсөн 9 дүгээр сард энэ кино “Emmy” олон улсын шагналыг хүртсэн байна. 



Шилдэг эрэгтэй дүр

“Драм киноны шилдэг эрэгтэй жүжигчин” төрөлд найруулагч Тодд Филиппсийн “Жокер” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хоакин Феникс “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон байна.  


“Богино хэмжээний цуврал болон телевизийн киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд Америкийн жүжигчин Рассел Кроу “Хамгийн чанга дуу хоолой” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналын эзэн боллоо. Энэ төрөлд “Чернобыль” кинонд дүр бүтээсэн жүжигчин Жаред Харрис, "Фосси/Вердон" киноны гол дүр Сэм  Рокуэлл, “Тагнуул” кинонд дүр бүтээсэн Их Британийн жүжигчин Саша Барон Коэн нар өрсөлджээ. “Драм цуврал киноны шилдэг эрэгтэй дүр” төрөлд “Өв залгамжлагчид” кинонд бүтээсэн дүрээрээ Шотландын жүжигчин Брайан Кокс шалгарчээ.


Түүнчлэн “мюзикл, инээдмийн цуврал киноны шилдэг эрэгтэй дүр төрөлд” Америкийн жүжигчин Рами Юссеф "Рами" цуврал кинонд бүтээсэн дүрээрээ, “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эрэгтэй туслах дүр” төрөлд Шведийн жүжигчин Стеллан Скарсгард "Чернобыль" богино хэмжээний цуврал кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шагнал хүртжээ. 

Шилдэг эмэгтэй дүр

“Драм киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд Америкийн жүжигчин Рене Зеллвегер “Жуди” кинонд бүтээсэн дүрээрээ “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртсэн байна. 

"Инээдмийн юмуу мюзикл киноны шилдэг эмэгтэй дүр" төрөлд жүжигчин Аквафина "Үдэлт" кинонд бүтээсэн дүрээрэээ, Их Британийн найруулагч Бенжамин Кароны “Титэм” хэмээх цуврал кинонд гол дүр бүтээсэн жүжигчин Оливия Колман “Драмын цуврал киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эздээр тодорчээ. Түүнчлэн “Богино хэмжээний цуврал кино болон телевизийн киноны шилдэг эмэгтэй дүр” төрөлд жүжигчин Патриша Аркетт “Дүр эсгэлт” кинонд бүтээсэн дүрээрээ, харин “Уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр” төрөлд Америкийн жүжигчин Лора Дерн “Гэрлэлтийн түүх” кинонд бүтээсэн дүрээрээ тус бүр шалгарсан байна.



Холбоотой мэдээ