Б.Жамбалдорж Ховдын гурав дахь Болор цомын эзэн найрагч болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Болор цом-37” яруу найргийн наадмын тэргүүн байрт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул яруу найрагч Батдоржийн Жамбалдорж "Жамын цас" шүлгээрээ шалгарчээ.
“Болор
цом-37” яруу найргийн наадам 2020 оны 01 дүгээр сарын 04-нд Багануур
дүүрэгт болсон. Наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан,
Б.Энхжаргал, Д.Жамбалдорж нар шалгарч үлдсэн. Улмаар шүүгчийн үнэлгээгээр яруу
найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзлэв.
Ховд
аймгийн Дуут сумын харьяат, "Урианхайн хөх уулс" хэмээн алдаршсан
Хөөдөөгийн Эрдэнэбаатар болон Мөнгөнхүүгийн Отгонбаяр нар Эгшиглэнт эхийн
хишигт, "Болор цом"-ын эзэн болж байсан. Тэгвэл Ховд нутгаас тодорсон гурав дахь “Болор цом”-ын эзэн яруу найрагч нь Эрдэнэбүрэн сумын уугуул Б.Жамбалдорж аж.
Тэрбээр энэ наадамд гурав дахь удаагаа оролцжээ. 2013 онд Шүүдэр мэт, 2017 онд Морин гатлага гэх яруу найргийн ном хэвлүүлж байсан. Харин шинэ оны босгон дээр “Уулын хөх гөрөөс сар шөргөөж зогсоно” яруу найргийн түүврээ хэвлүүлсэн аж. Өдгөө МҮОНР-д ажилладаг.
"Болор цом-37" наадмын тэргүүн шүлэг "Жамын
цас" ...
Бургасан
унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын
дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр
цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн
цас минь үснийх нь сор болсон
Халуун
уур савссан тооноор унасан цас
Хайртай
ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш
яаш цацан бужигнуулсан цасан дор
Хамгийн
бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө
эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр
явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн
цас орсон өглөө
Шинэ
мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм
дотнохон мөр харалгүй уджээ
Тэнгэрээс
нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн
гишгэх алхаан дундаасаа
Зөн
минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган
хүний ганц нарийхан жимээр
Явсаар
ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс
хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн
шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл
дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ
л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр,
нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн
чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх
бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг
минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй
өөд ширтэн, ширтэн хэвтэхэд
Олон
морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын
тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал,
зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг
л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ
л бид чинь будраад өнгөрөх цас аа...