Аудитаар өгсөн зөвлөмжийн 85.6 хувийг хэрэгжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-06 18:11:11

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын өнгөрсөн онд гүйцэтгэсэн ажил, амжилт, ололтын талаар тодрууллаа. 

Тус байгууллага 2019 онд “Аудитыг баримтжуулах бодлого, арга зүйг боловсронгуй болгож, төлөвшүүлэх” зорилт дэвшүүлэн УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 01 дүгээр тогтоолоор баталсан аудитыг гүйцэтгэхэд хүн хүч, цаг хугацаа, санхүүгийн нөөцийг төвлөрүүлж ажилласнаараа онцлогтой ажээ.  

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын хамт олон 2019  онд санхүүгийн 239, гүйцэтгэлийн 7, нийцлийн 5, нийт 251 аудит хийж гүйцэтгэсэн байна.  

Аудитаар 57725.8 сая төгрөгийн 964 алдаа, зөрчил илрүүлсэн. Үүнээс 14217.0 сая төгрөгийн үнийн дүн бүхий 183 алдаа, зөрчлийг аудитын явцад залруулсан аж. Мөн бусад зөрчлийг засаж залруулахаар акт, албан шаардлага, зөвлөмж өгчээ.

Тодруулбал, өнгөрсөн онд нийт 542 зөвлөмж гаргасан байна. Үүнд хууль тогтоомжийн хэрэгжилт 23.0, бүртгэл, тайлагнал 18.2, арвилан хэмнэх, үр ашиг, нөлөөг дээшлүүлэх 25.2, дотоод хяналт сайжруулах 25.8, бусад асуудлаар өгсөн зөвлөмж 7.8 хувь тус тус эзэлж байгаа юм.

Улмаар 2019 онд өгсөн нийт зөвлөмжийн 85.6 хувийг хэрэгжүүлсэн гэж Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, Тэргүүлэх аудитор Х.Болдбаатар хэллээ.

Мөн аймаг орон нутгийнхаа зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд хичээнгүйлэн зүтгэж яваа байгууллага, иргэдэд ажлын амжилт хүсэв. 


Холбоотой мэдээ