А.Ром: Баян-Өлгийд болох аударыспах, тенге илу спортын тэмцээнд дэлхийн 13 орноос тамирчин оролцоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-01-07 12:43:27

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний үндэсний спорт болох аударыспах /морин дээрх барилдаан/, көкпар /тулам булаацалдах/, тенге илу /мөнгө шүүрэх/ спортын хөгжил, тамирчдын гаргасан амжилтын талаар Монголын көкпар, аударыспах, тенге или спортын холбооны тэргүүн Ауесханы Ромтой ярилцлаа.     


-Монголын көкпар, аударыспах, тенге или спортын холбоо байгуулагдаад найман жил болжээ. Энэ хугацаанд хүрсэн амжилтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Холбоо маань Монголын казахуудын тулам булаацалдах /көкпар/, морин дээрх барилдаан /аударыспах/, мориноос мөнгө шүүрэх /тенге илу/, морин дээрээс нум сумаар харвах /жамба ату/ зэрэг үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлэх зорилгоор 2012 онд байгуулагдсан. Түүнээс хойших хугацаанд аймаг, улс, олон улс, тив дэлхийн хэмжээнд зохион байгуулсан уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа. Манай тамирчид 2013 онд Казахстан Улсад болсон көкпарын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхны гараагаа эхэлсэн. Тус тэмцээнд дэлхийн 13 орны баг тамирчид оролцсоноос манай тамирчид шагналт зургадугаар байрт орсон байдаг. Үүнээс хойш нэлээн олон тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, Монгол Улсын төрийн далбааг мандуулж явна. Харин 2014 онд аударыспахын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд таван тамирчин бэлтгэн оролцуулж, анх удаагаа нэг мөнгөн медаль, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Мөн тухайн онд мөнгө шүүрэхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Буянт сумын тамирчин А.Хуантхан дэлхийн 17 орны тамирчдаас шалгарч хүрэл медаль хүртсэн. Киргиз Улсад болсон Дэлхийн нүүдэлчдийн анхдугаар их наадмаас аударыспахын төрлөөр Монголын тамирчид нэг хүрэл, хоёр дахь их наадмаас нэг мөнгө, хоёр хүрэл, гурав дахь их наадмаас хоёр мөнгө, хоёр медаль хүртэж амжилтаа ахиулж чадсан. 2017 онд Казахстан Улсын Астана хотод “EXPO-2017” олон улсын үзэсгэлэн худалдааг тохиолдуулан зохион байгуулсан үндэсний спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аударыспахын төрлөөр хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт орж байлаа. Ер нь тив, дэлхийн хэмжээнд зохион байгуулсан тэмцээн болгоноос ганзага хоосон ирж байгаагүй.  


2019 он манай үндэсний спортын баг тамирчдын хувь хэр өгөөжтэй жил байв?

- 2019 он манай тамирчдын хувьд хамгийн их бахдам амжилт гаргасан жил байлаа. Тухайн онд Казахстаны Алматы хотод морин дээрх барилдаан, морьт харваа, мөнгө шүүрэх, тулам булаацалдахын залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Уг тэмцээнд манай аймгийн залуучууд эх орноо төлөөлөн оролцсон. Баг тамирчид маань тулам булаацалдах төрлөөр шигшээ тоглолтод шалгарсан ч Казахстаны шигшээ багт 5:3-ын харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртлээ. Харин морин дээрх барилдааны 80 кг-ын жинд С.Женисбек алтан медаль хүртэж, Ази тивийн аварга болов. Харин М.Айтхабыл мөнгөн медаль, Е.Өмирбек, М.Базарбай нар хүрэл медаль, мөнгө шүүрэхийн тэмцээнд С.Женисбек мөн хүрэл медаль, морьт харвааны төрлөөр Э.Эрдэнэ мөнгөн медаль тус тус хүртэж байлаа. Казахстан Улсад болсон морьт харвааны анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд миний бие ерөнхий шүүгчээр ажиллаж, манай улсын тамирчин Э.Эрдэнэ мөнгөн медаль хүртэв.

- Дээр дурдсан көкпар, аударыспах, тенге илу, жамба ату зэрэг спортын төрлүүдийн хувьд тамирчид морин дээрээс хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлддөгөөрөө онцлогтой. Эдгээр спортын төрлүүдийн бий болсон түүхээс товч дурдахгүй юу?

- Эдгээр нь зөвхөн казахын ард түмэн тоглодог спорт биш. Монгол, казах зэрэг нүүдэлчдийн бүгдэд нь байгаа. Өвөг дээдэс маань тайван цагт дайн байлдааны бэлтгэл хийх зорилгоор дээрх спортын төрлүүдээр хичээллэдэг байжээ. Көкпар тоглоомд эрчүүд 40 гаруй кг жинтэй сэрхийг морин дээрээс тонгойн газраас өлгөн авч булаацалдаж тоглодог. Энэ спорт бол анд нөхөр нь дайны талбарт шархдаж газарт уналаа гэхэд түүнийг морин дээрээс маш богино хугацаанд өлгөн авч амийг нь аврах бэлтгэл хийх ач холбогдолтой. Харин аударыспах буюу морин дээрх барилдаан нь цэвэр тулааны спорт. Дээр үеийн баатруудад жад, сэлэм, бамбайгүйгээр тулалдах шаардлага зөндөө гардаг байсан. Мөнгө шүүрэх тэмцээн нь дайчдыг тулалдааны үеэр газарт унасан зэвсгээ давхиж ирээд өлгөж авахад сургадаг спортын төрөл юм. Өнөөгийн тайван цагт эдгээр нь бие даасан спортын төрөл болж Казахстан, Турк, Афганистан, Тажикистан, Узбекистан, Иран, Унгар зэрэг дэлхийн олон оронд эрчимтэй хөгжиж байна. Бүр зарим улсад үндэсний спортыг заадаг бие даасан сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна.


- Тэмцээнд оролцох тамирчдынхаа бэлтгэлийг яаж базаадаг вэ?

- Аймгийн аварга шалгаруулах тэмцээн зэргийг зохион байгуулна. Ялангуяа, көкпарын төрөлд оролцдог тамирчдыг шилж авна. Тулам булаацалдах спортын багийн төрөл хөгжих үндэс суурь манайд хараахан тавигдаагүй. Боломж бүрдээгүй байна. Жишээлбэл, тулам булаацалдахад зөвхөн азарга морь унадаг. Морины тоноглол нь гэхэд тусгай байдаг. Спортын тус төрлөөр Бугат, Сагсай, Улаанхус, Ногооннуур, Алтанцөгц сумын залуучууд голдуу хичээллэдэг. Түүнчлэн үндэсний спортын багийн тэмцээн зохион байгуулах орон байр байхгүй. Спортын тэмцээн зохион байгуулах талбай, морин тойруулга барих асуудлыг төр засаг, олон улсын байгууллагуудад тавьсан. Манай холбооны хэтийн төлөвлөгөөнд ороод явж байна.

Баян-Өлгий аймагт үндэсний спортоор хичээллэж байгаа хэдэн тамирчин байгаа вэ?

- Манай холбооны спортын төрлөөр хичээллэж байгаа 140 орчим тамирчин байна. Сүүлийн үед залуучууд ихээр сонирхож орж ирээд байгаа.

Олон улсын тэмцээнд оролцохдоо морио хаанаас авдаг вэ?

- Олон улсын тэмцээнд өөрсдийн морьтойгоо оролцохын тулд зориулалтын унаа тэрэг, тээврийн зардал, тэжээлийн нөөцтэй байх хэрэгтэй. Тийм боломж одоогоор манайд байхгүй. Түүнээс гадна хил, гаалийн асуудал гэж бэрхшээл зөндөө байна. Бусад орны тамирчид тэмцээнд өөрсдийн сургаж бэлтгэсэн морьтойгоо ирдэг. Зохион байгуулагч талаас мориор хангадаг ч амжилт гаргахын тулд сайн морьдыг хөлсөлж авах тохиолдлууд гарна. Нэг морины хөлс хамгийн хямддаа 600 мянга орчим төгрөг байдаг. Санхүүжилтыг өөрсдөө янз бүрийн хэлбэрээр босгож, тамирчдаа уралдаан тэмцээнүүдэд оролцуулж байна. Ер нь тухайн төрлийн спортын амжилтын 60 хувь нь мориноос хамаардаг. 

Үндэсний спортын тэмцээнүүдийг Бүргэдийн баяр шиг нэг төрлийн аялал жуулчлалын үйл ажиллагаа болгох боломжтой юу?

- Бүрэн боломжтой. Зөвхөн казахын ард түмний үндэсний спорт биш, Баян-Өлгий аймагт амьдарч байгаа урианхай, дөрвөд, тува ахан дүүстэйгээ хамтарч үндэсний спортын томоохон үйл ажиллагаа бий болгох төлөвлөгөө боловсруулж байгаа.   


2020 онд хийхээр төлөвлөж буй томоохон ямар ажлууд байна?

- Энэ оны гуравдугаар сард тулам булаацалдах спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Узбекистан Улс зохион байгуулна. Мөн дөрөв дэх удаагийн Дэлхийн нүүдэлчдийн их наадам Турк Улсад болно. Эдгээр тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцуулна. Түүнээс гадна энэ жил тохиох Баян-Өлгий аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг угтан морин дээрх барилдааны /аударыспах/ дөрөв дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн, мөнгө шүүрэх /тенге илу/ спортын олон улсын тэмцээнийг нутагтаа зохион байгуулахаар ажиллаж байна. Баян-Өлгий аймагт болох аударыспах, тенге илу спортын тэмцээнд дэлхийн 13 орны тамирчид оролцоно.

Холбоотой мэдээ