ӨӨРЧИЛСӨН, ГЭХДЭЭ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2020-01-10 16:49:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  


ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГА


Монгол орон бол бусдын ярьдагаар муу ч бай, сайн ч бай 1992 онд Үндсэн хуульдаа дорвитой томоохон нэмэлт өөрчлөлт оруулснаар хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийн тогтолцоог хөгжүүлэхээ тунхагласан парламентын засаглалтай улс мөн. Дээрх өөрчлөлтийг тус оны нэгдүгээр сарын 13-ны өдөр баталсан буюу эдүгээ Монгол Улсын Үндсэн хуулиа баталсан өдөр тун удахгүй болох гэж байна. Шинэ Үндсэн хуулиа баталсан өдрөөс хойш найман жилийн дараа өөрчилсөн бөгөөд өдгөө 19 жилийн хойно дахин нэмэлт өөрчлөлт хийж өнгөрсөн оны 11 сарын 14-ны өдөр 63 гишүүн санал нэгтэй дэмжиж баталсан юм.


Мэдээж зарим судлаач нар дэлхийн улс гүрэн Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийлгүйгээр улс орны тусгаар тогтнол, ард иргэдийн тогтвортой байдлыг хангаж ирсэн хэмээдэг. Үнэн үү, үнэн. Гэвч манай орны хувьд суурьшмал ахуйд дэлхийн олон улс шиг хэдэн зуун мянган жилийг элээсэн орон биш. Бид нүүдэлчин түмэн. Нэг ёсондоо тариачид шиг нэг буландаа хэдэн зуун мянган жил сууж заншаагүй гэсэн үг. Тиймээс ард иргэдийн тогтвортой байдал, улс орны нийгэм, эдийн засаг гээд бүхий л хүрээнд хамаатай Үндсэн хуульд өөрчлөлт хэрэгтэй болох нь зайлшгүй. Аль ч талаас нь аваад үзсэн тогтворгүй байдлын жижигхэн хэсгүүд нийлж шинэ шинэ асуудлыг үүсгэж буй энэ үед зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг нь өөрчлөлт юм. Тиймээс бид өнөөх жижигхэн хэсгүүдэд анхаарахгүйгээр асуудлыг томоор нь авч үзэх хэрэгтэй.


ГАНЦААС ОЛОН ЗӨВТГӨХ ШАЛТГААН


Хүн бүхэнд ойлгомжтойгоор ганцхан жишээ аваад үзье. 1992 онд манай орны эдийн засаг уул уурхайтай шууд хамааралгүй байв. Харин өнөөдөр бол өөр. Өнгөрсөн 2019 онд гэхэд л манай орны томоохон уул уурхайн салбар болох “Эрдэнэс Тавантолгой” 551.6 тэрбум, “Оюу Толгой” ХХК 320 тэрбум, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ 551.6 төгрөгийн татвар төлсөн байна. Уул уурхайг цаашид хэрхэн зөв авч явахаас монголчуудын ирээдүй эс хүссэн ч хамааралтай болчихоод буйг ухаарах ёстой. Ийм учир байгалийн баялагийг хэн дуртай нь захиран зарцуулах эрхийг төрд олгож, нийт олны хэлдэгээр яривал хэдэн томчуулын зугаа болгож болохгүй. Гэтэл Үндсэн хуульд  Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэж заасан байна. Харин нэмэлт өөрчлөлт оруулж батлагдсан Үндсэн хуульд эрс өөр болон тун тодорхой заалтыг нэмэлтээр бий болгосон байна.


“6.2 Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ”
гэжээ.


Үүнээс үзэхэд аливаа нэг эрх мэдэлтний нөлөөгөөр зөвшөөрөл авсан дотоодын болон, гадаадын уул уурхайн компани газрын баялагийг цөлмөдөг асуудал цэгцрэхээр болсон нь харагдана. “Үндэсний баялгийн сан” байгуулагдсанаар уул уурхайгаас олсон ашгийг зөвхөн төр улсын эдийн засагт зуун хувь олгохгүйгээр хуульд заасан дүрэм журмын дагуу иргэд тэгш эрхтэйгээр ашиг хүртэхээр болсон нь тодорхой.


Өнөөдөр бидэнд ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал нэн түрүүнд тулгарсан. Ямартай ч цорын ганц зөв гарц гэж үгүй. Гэвч огт гарцгүй асуудал тулгарах нь нэн ховор байдаг. Тиймдээ ч баялгийн хуульд шинээр өөрчлөлт оруулсантай холбоотойгоор “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин компанийн эзэмшлийн “Салхитын мөнгө, алтны орд”-ын төрд ноогдох орлогыг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн тодорхой хэсгийг төлөхөөр болсон зэрэг нь шинэ Үндсэн хуулийн дагаж мөрдөх өдөр хараахан болоогүй ч цаашид ард иргэдэд хэрхэн үйлчлэл үзүүлэх вэ гэдгийн нэг жишээ нь энэ.


Дараагийн онцлох шинэ өөрчлөлт нь парламенттай холбоотой. Өмнөх хуулинд заасны дагуу өнгөрсөн он жилүүдэд 76 бус 78 гишүүнтэй мэт ажиллаж ирсэн. УИХ хурал, Засгийн газар хооронд асуудал зайлшгүй гарч гишүүд толхилцдог байсан асуудлыг шинэ Үндсэн хуулиар өөрчилж нэг мөр тодорхой шийдэлд хүрсэн нь харагдаж байна. Учир нь “давхар дээл”-ний асуудал яригдаж, иргэдийн дунд байнгын маргаан дэгдээсээр удсан. Тэгвэл 2019 онд шинээр баталсан Үндсэн хуулийн “39.1” –т Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын дөрвөн гишүүн л “давхар дээл”-тэй байж болно гэж заажээ. Нэг мөсөн УИХ, Засгийн газар хоёрыг зааглах бол энэ асуудлыг харин нухацтай шийдэх байв. Мөнхүү Ерөнхийлөгч дөрвөн жилд хоёр удаа бус зургаан жилд нэг удаа сонгогдоно. Ингэснээр Төрийн дээд эрх мэдэлтэн өөрийн нам засаг, эрх мэдлийн төлөө бус зөвхөн улс орныхоо эрх ашгийн төлөө ажиллах боломжийг нэмэгдүүлсэн хэрэг.


Энэхүү хуулийн талаар УИХ гишүүн Л.Энх-Амгалан “Өнгөрсөн хугацаанд 15 Засгийн газар байгуулагдаж, 300 сайд төрсөн байна. Өнөөдрийнх шиг ийм их талцал хуваагдалтай үеийг мэдэхгүй юм. Монгол Улс 3.2 сая хүн амтай, 33 улс төрийн намтай. Сонгуулийн насны 2.5 сая хүний 500 мянга нь аль нэг намын харьяалалд байна. Дөрвөн хүн тутмын нэг нь улс төрийн намын гишүүн. Энэ бүх талцал хуваагдлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр арилгах ёстой” хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн.


Басхүү шинэ Үндсэн хуулийн онцлууштай нь сайжруулсан нэмэлт өөрчлөлтийг хийснээс бус уг үндсээр нь үгүйсгээгүйд оршино. Өмнөх хуулийн заалт, үзэл санаа нь яг хэвээр. Харин бидний өнөөгийн нөхцөл байдал, нийгэм болоод иргэдийн дунд тогворгүй байдал үүсгэх зарим зарчмийг өөрчилж, нэмэлтээр оноосон агуулга нь зөвхөн улс орон, ард түмний төлөөх эрх ашгийн үзэл санааг нэвт шингээсэн. Судлаачдын үзэж буйгаар энэ өөрчлөлтийг хийснээр бид Үндсэн хуулиндаа 10 жил тутамд гар хүрч байна гэх шүүмжлэл дагуулсан. Гэвч хуулийг уг үндсээр нь өөрчлөөгүй тохиолдолд хүний эрх, төрийн байгуулалт, сонгуулийн системд зарим нэг хувьсал явагдахаас бус олон зүйл дагаж өөрчлөгдөх зүйл ажиглагдахгүй байна. Мэдээж хувьсал нь сайн тал руугаа бол үүнийг хийх л ёстой байсан нь мэдээж.


ХЭРЭГЖИХ ЗАМ


Хуульч, доктор Б.Гүнбилэг анхны хэлэлцүүлгийн дараа “Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ удаагийн парламент амжихгүй байх гэж хойш сууж болохгүй. Эцэг хуульд  өөрчлөлт оруулах шаардлага байна гэж хүн ярьдаг ч дорвитой алхам хийлгүй явж ирсэн. Энэ удаагийн парламент бүгд санал нэгдээд байгаа өөрчлөлтүүдээ хийгээд явах ёстой” гэж байр сууриа илэрхийлж байв.


Одоо бол шинэ Үндсэн хуулийг ирэх 5 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас улс орон даяах хэрэгжихээр болсон.


Жишээ нь нэмэлт заалтын дагуу “Шүүхийн сахилгын хороо” байгуулагдсан. Энэхүү хороог шинээр байгуулснаар шүүгчид хариуцлага хүлээлгэх асуудлыг бие даасан хараат бус байгууллага эрхлэх юм. Сахилга баттай, үнэн шудрага шүүхийн шийдвэрийн үр дүнд авилга, хээл хахууль болон хотжилтын явцад үүсэх олон хүнд асуудлыг зөв зохицуулна. Нэгэнт батлагдсан энэхүү хуулийн нэмэлт заалт зөв зүйтэй гэх судлаачдын тодорхойлолтыг дагуулж байгаа ч хэрэгжих зам нь ямар байхийг цаг хугацаа харуулах биз ээ. Ямартаа ч шүүх засаглалын хүрээн дэх энэхүү өөрчлөлт нь бие даасан шүүхийг байгуулахад шат ахисан алхам болох ёстой гэж дүгнэж байна.


Гэтэл нийтлэг нэг алдаа харагдана. Хууль өөрөө хэрэгжих зам нэлээдгүй зөрчил дагуулдаг. Бид Үндсэн хуулиндаа юуны учир өөрчлөлт хийгээд байна вэ? Ямартаа ч цаг үеэ дагаж өөрчлөгдөх, нийгмийн хэв маягт зохицуулагдах зүйлс гарч ирсэн нь эргэлзээгүй. Харин гол асуудал нь баталсан хуулиа хэрэгжүүлдэггүй, иргэд дагаж мөрддөггүйд л хамгийн том шалтгаан бий.


Байгалийн баялгийг зөв зүйтэй ашиглах шаардлагатайгаас гадна тэгш хуваарилалт болон, боломжуудын талаар энд онд олон зүйл ямартаа ч ард түмний талд олон зүйл өрнөх нь ойлгомжтойг Үндсэн хуульд заасан өөрчлөлтөөс харж болно. Бид яриад байдаг “Оюу толгой”-н гэрээнд ямар алдаа байгааг засч аваад урагшилсан нь дээр болохоос байрандаа зогсч үлдэх шалтгаан одоохондоо харагдахгүй байгаа. Мэдээж “Дубайн” гэрээ байгуулах нь Төрийн буруу шийдвэр, хууль зөрчсөн хэрэг гэж үзсэн. Харин дахин нэг томоохон төсөл гацчихвал, өнөөх алдарт гэрээн дээр ажиллах мэргэжилтнүүд үгүй бол яах вэ?


Үүнтэй яг адилхан. Үндсэн хуульд нэмэлт заалтнууд орж, шинэчлэгдлээ. Гэтэл тодорхой тайлбаргүй “эсэргүүцэгчид” гарч ирнэ. Тэгээд л хуулиа дагаж мөрдөхгүй, бусад нь хэрэгжүүлэхгүй байснаас болж дараагийн “эцэг хууль гар” хүрэм зам нээгдэнэ. Гол нь юу вэ гэвэл өөрчлөлт хийсэн хуулийн заалтууд хэрхэн хэрэгжихийг, тогтвортой систем бүрдүүлэх зөв арга зам байсан уу, үгүй юу гэдгийг одоохондоо хэн ч хэлж мэдэхгүй. Цаг хугацаа л харуулна. Гол нь тодорхой нэг л зүйл бий. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт бүхнийг шуудхан л хэн нэгэн эрх мэдэлтний ашиг сонирхолтой холбосон өгүүлбэр болгож хардаг сэтгэхүйгээсээ бид салах хэрэгтэй. Хуулиа сайн унших, дараа нь зөв гэж бодсоноо иргэний үүргийн үүднээс дагаж мөрдөх л үлдлээ. 

Холбоотой мэдээ