Францын Засгийн газар тэтгэврийн насыг нэмэгдүүлэх саналаа түр хугацаагаар татахад бэлэн байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-01-12 13:32:36

ПАРИС. /TASS/. Францын Засгийн газар тэтгэвэрт гарах насыг 62-оос 64 болгож нэмэгдүүлэх тухай заалтыг тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хуулийн төслөөс түр хугацаагаар эргүүлэн татахад бэлэн байна гэж тус улсын Ерөнхий сайд Эдуар Филипп үйлдвэрчний эвлэлүүдэд илгээсэн захидалдаа мэдэгджээ.


Ажиглагчдын мэдэгдэж байгаагаар, энэхүү заалт нь тэтгэврийн шинэчлэлийн эсрэг ажил хаялт зарласан үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын дургүйцлийг хамгийн их төрүүлж байгаа аж.


Захидлыг Францын томоохон хотуудад бямба гарагт дахин эсэргүүцлийн ажиллагаа болсонтой холбогдуулан нийтэлжээ. Нийслэл Парис хотод болсон жагсаал эхэндээ тайван болж байсан боловч хэт давруу үзэлт жагсагчид цагдаа нартай мөргөлдөж, эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Эмх замбараагүй байдал Домениль гудамжинд гарчээ. Уг гудамжаар тайван жагсаж байсан хүмүүс “Хар эвсэл”-ийн хэт давруу үзэлтнүүдтэй нэгдэж, цагдаа нар руу шил, чулуу шидэж эхэлсэн байна. Хууль сахиулах байгууллагынхан 1 цаг 30 минутын дараа л нөхцөл байдлыг хяналтдаа авч чаджээ.


Эмч, багш, өмгөөлөгч нар, гал сөнөөгчид болон бусад олон мэргэжлийн төлөөлөгчид оролцож буй бүх нийтийн ажил хаялт Францад өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд эхэлсэн юм. Тэтгэврийн шинэчлэлийн эсрэг зохион байгуулж буй энэхүү ажил хаялтад оролцогчдын дийлэнх нь Францын үндэсний төмөр замын нийгэмлэг (SNCF) болон Парисын нийтийн тээврийн газрын (RATP) ажилчид юм.


Холбоотой мэдээ