Өрхийн эмнэлэг уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, БОЭТ ачаалалтай ажиллаж байна. Тиймээс Жаргалант сумын таван Өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулах шийдвэр гарчээ.
Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдрүүдэд 08:00-19:00 цагийн хооронд ажиллаж эхэллээ. Мөн амралтын өдөр буюу бямба, ням гарагт 10:00-15:00 цаг хүртэлх хугацаанд ажиллаж, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвүүд
0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, архаг хууч өвчтэй иргэдэд гэрээр үзлэг
хийх аж.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт буурах хүртэл буюу тодорхойгүй хугацаанд уртасгасан
цагаар ажиллана гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Мөн Өрхийн эрүүл мэндийн төвд хийж буй B, С вирус, шээс, сахар, зэрэг зургаан төрлийн шинжилгээ болон уламжлалт эмчилгээний талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, урьдчилан
сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж ажиллах үүрэг чиглэл өгсөн аж.
