Хонконгт нэвтрэхийг нь зөвшөөрөөгүй хэмээн мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 11:35:33

НЬЮ-ЙОРК. /TASS/. БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонкогт нэвтрэхийг нь эрх баригчид зөвшөөрөөгүй хэмээн “Human Rights Watch” хүний эрхийг хамгаалах байгууллагын гүйцэтгэх захирал Кеннет Рот “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Human Rights Watch” байгууллагын шинэ илтгэлийг танилцуулахыг зорьж байгаагаа тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


“Энэ жил БНХАУ-ын Засгийн газар хүний эрхийг хамгаалах хүрээнд олон улсын хэм хэмжигдэхүүнүүдийг хэрхэн алдагдуулж байгааг энэхүү илтгэлд дурдаж байгаа. Эрх баригчид Хонконгт нэвтрэхийг хориглосон нь асуудал гүнзгийрч байгааг нотолж байна” хэмээн тэрбээр тэмдэглэжээ. Түүнийг нэвтрэхийг хориглосонтой холбоотойгоор Хонконгийн эрх баригчид бүрэн тайлбар өгөөгүй байна.


Орон нутгийн эрх баригчид сэжигтнүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг батлахыг зорьж байсныг эсэргүүцсэн жагсаал цуглаан Хонконгт өнгөрсөн зунаас дэгдэж эхэлсэн юм. Хуулийн төслийг эргүүлэн татсан хэдий ч сөрөг хүчний дэмжигчдээс бүрдсэн залуус засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг үргэлжлүүлсэн юм. 11 дүгээр сарын дундуур нөхцөл байдал бага зэрэг намжиж эхэлсэн бөгөөд жагсагчид байр сууриа тайван замаар илэрхийлэх болсон юм. 

Холбоотой мэдээ