Олимпоос медаль хүртсэн Ираны цорын ганц эмэгтэй тамирчин орогнол хүсжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2020-01-13 12:34:23

ТЕХРАН. /AP/. Олимпын наадмаас медаль хүртсэн Ираны цорын ганц эмэгтэй тамирчин Кимия Ализаде шахалт үзүүлсэн хэмээн улсынхаа эрх баригчдыг шүүмжлээд, бусад улс оронд орогнох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.


Таеквондогийн тамирчин К.Ализадег орогнол хүсэхээр Иранаас Нидерландыг зорьсон тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлснээс хоёр хоногийн дараа тэрбээр “Instagram” хуудсандаа энэ талаар нийтэлсэн байна.


2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпоос хүрэл медаль хүртсэн К.Ализаде шагналаа гардан авахдаа Иран эмэгтэйчүүдийн өмсдөг гивлүүр зүүсэн байсан юм. Тэрбээр өөрийгөө Иранд хавчигдаж буй олон сая эмэгтэйчүүдийн нэг хэмээн бичжээ.


“Ираны эрх баригчдын хувьд “бид бол ердөө хэрэгсэл” бөгөөд тэд миний медалиудыг улс төрийн зорилгоор ашигласан. Мөн эрх баригчид намайг спортын замналаа үргэлжлүүлэхийг шүүмжилсэн” гэж К.Ализаде мэдэгдсэн байна. Иран улсыг орхих шийдвэрийг гаргах нь алтан медаль авахаас хэцүү байсан хэмээн тэрбээр бичсэн хэдий ч хаана ч байсан "Иран хүүхэд" хэвээр байх болно хэмээн нийтэлжээ.


Эмэгтэйчүүдийн эрхийн асуудал сайжирч буй шинж үзүүлж байсан Иран улсад дэлхий нийт анхаарлаа хандуулахад К.Ализадегийн мэдэгдэл нөлөөлсөн байна. Өнгөрсөн 10 дугаар сард Иран сүүлийн олон арван жилийн хугацаанд эмэгтэйчүүдийг олон улсын хөл бөмбөгийн тэмцээн үзэхийг анх удаа зөвшөөрсөн юм. 

Холбоотой мэдээ