Хүндийг өргөлтийн тамирчид улсын аваргуудаа тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-13 12:46:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Спортын мастер Х.Намсрайн нэрэмжит хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ “Замчин” спорт хорооны зааланд бямба, ням /2020.01.11-12/ гарагт болж шилдгүүдээ шалгаруулав.


Тэмцээнд 19 байгууллагын 199 тамирчны 33 нь ОУХМ, 41 нь спортын мастер, 29 нь спортын дэд мастер хүчээ сорьсон нь тэмцээнийг ихэд өрсөлдөөнтэй болгов. УАШТ-ий 2020 оны шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Ч.Бумчин, эмэгтэйчүүдээс М.Оюун-Эрдэнэ нар шалгарав.


Энэ удаагийн УАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д хүчээ сорьсон Дэлхийн цомын аварга Э.Билэгсайхан огцом өргөлтөөр 94 кг өргөн, Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Спортын дэд мастер цолны болзол хангаж УАШТ-д түрүүлсэн М.Оюун-Эрдэнэ нь ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэгийн төрсөн дүү юм байна.


УАШТ-ий багийн дүнгээр эрэгтэйчүүдийн ангилалд “Алдар” спорт хорооны туйванчид тэргүүлж, “Аврагч” спорт хороо, “Эвт уянга”-ынхан удаалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд багийн дүнгээр “Хилчин” спорт хорооны тамирчид манлайлж, “Алдарт” спорт хорооныхон хоёр, “Эвт уянга” баг гуравдугаар байрт тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ