Д.Трампыг шахан гаргахын тулд бүх мөнгөө зарцуулахаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-13 13:24:56

ЛОНДОН. /Reuters/. Д.Трампыг 2020 онд Цагаан ордноос шахан гаргахын тулд хөрөнгөнийхөө дийлэнх хэсгийг зарцуулахад бэлэн байна хэмээн АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгч, тэрбумтан Майкл Блумберг мэдэгджээ.


“Д.Трамдыг шахан гаргах нь миний эхний гол зорилго. Ингэхийн тулд би бүх мөнгөө зарцуулах болно” хэмээн Блумберг Рейтер” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


АНУ-ын Нью-Йорк хотын захирагч асан Майкл Блумберг 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан нам доторх сунгаанд өрсөлдөнө гэдгээ өнгөрсөн 11 дүгээр сард мэдэгдсэнээсээ хойш дижитал, телевизийн зар сурталчилгаанд 200 сая гаруй ам.долларыг зарцуулсан байна. Тэрбээр Д.Трампыг идэвхтэй эсэргүүцэгчдийн нэг бөгөөд түүнийг ялна гэсэн амлалттайгаар сонгуульд оролцож байгаа юм. Гэсэн хэдий ч 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн Ардчилсан намын сунгаанд өрсөлдөгчдийн санал асуулгын жагсаалтыг дэд Ерөнхийлөгч асан Жо Байден 31 хувийн саналаар тэргүүлж байгаа бол түүний араас Берни Сандерс, Элизабет Уоррен, Пит Буттигег нар бичигдэж байна. М.Блумбергийн хувьд уг жагсаалтын тавдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм.


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2020 оны 11 дүгээр сарын 3-нд болно. 

Холбоотой мэдээ