Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан "Хүндэт дэвтэр"-т бичигдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-01-15 19:15:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Эрүүл мэндийн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргасан хичээл зүтгэл, шинэ технологи нутагшуулсныг нь үнэлэн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хүндэт дэвтэр-т  “Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг”-ийн нэрийг мөнхлөн  бичиж алдаршууллаа.

Тус эмнэлгийн Ерөнхий захирлын тушаалаар 2006 онд Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулан орчин үеийн анагаах ухааны шинэ технологи болж буй бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлж 200 гаруй мэс засал хийгээд байна.

Шинэ оны өмнө 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн тус багийн хамт олон өөр өөрийн салбарын манлайлагчид бөгөөд багийн гишүүн 23 хүнд “Хүндэт дэвтэр”-т тэмдэглэсэн батламж гардууллаа.

Монгол Улсын ууган эмнэлэг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг 1981 оноос эхлэн эрхэлсэн ажил мэргэжилдээ амжилт үзүүлж, эрүүл мэндийн салбарт онцгой ач холбогдол бүхий гавьяа байгуулсан эрхэм хүндтэй хүмүүсийнхээ алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь “Хүндэт дэвтэр”-т алдаршуулан тэмдэглэдэг уламжлал бий болгожээ.


Холбоотой мэдээ