Аймгийн Засаг дарга Ш.Оргил орон нутагт ажиллаж байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-01-16 17:22:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдөр хэлтэс агентлагийн дарга нарын хамт Сайхан сумын Номгон тосгонд ажиллаж, төр төсвийн байгууллагуудын ажил байдалтай танилцан зарим асуудлыг шийдвэрлэж, иргэдтэй уулзалт хийлээ.

Сайхан сумын Номгон тосгоны хүн эмнэлэг өвчтөн авах боломжгүй болж мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан аж. Иймээс шинэ эмнэлгийн зураг төсвийн асуудал, цэцэрлэгийн хүүхэд багачуудын эрүүл аюулгүй хоол хүнсийг бэлтгэх жигнүүр, тогооны асуудлыг, мөн Соёлын төвд 5×3 харьцаатай ЛЕД дэлгэцийн асуудал хэрэгтэй байгааг аймгийн дарга тус тус шийдвэрлэхээр боллоо.

Мөн аймгийн Засаг даргын зүгээс хөрөнгө оруулалтаар хийсэн ажил үйлчилгээ харилцан адилгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Учир нь Номгон тосгоны Соёлын төвд орсон аймгийн хөрөнгө оруулалтаар хийсэн ажил маш сайн байхад, Ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөр хийсэн ажилд сэтгэл дутсан, чанарын ялгаа гарсан асуудал байв. Энэ бол цэвэр тухайн гүйцэтгэгчийн сэтгэлийн асуудал. Ийм учраас аймгаас тендерээ зарлаж, түүндээ хяналт тавьдаг байх хэрэгцээ шаардлага буй болж байгааг аймгийн дарга онцлон тэмдэглэлээ.

Мөн аймгийн Засаг дарга Сайхан сумын Номгон тосгоны иргэдтэй уулзах үеэрээ аймгийн удирдлагын багаас хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, 2020 оны зорилго зорилтоо танилцууллаа. 



Холбоотой мэдээ