МУИС-ийн оюутан “Web of science" сэтгүүлд өгүүлэл хэвлүүлжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-17 10:50:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Хэрэглээний математикийн тэнхимийн Ус судлалын хөтөлбөрийн магистрант, Хүрээлэн буй орчны инженерчлэлийн лабораторийн судлаач оюутан М.Энх-Үүр энэ сард олон улсын эрдэм шинжилгээний “Water” сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор “Application of the City Blueprint Approach in Landlocked Asian Countries: A Case Study of Ulaanbaatar, Mongolia” сэдэвт өгүүлэл хэвлүүлжээ. 


Уг сэтгүүлийг Швейцар улсын MDPI хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг, Web of Science болон Scopus-д бүртгэлтэй, 2.5 импакт фактортой, усны салбартаа нэгдүгээр эрэмбийн (Q1) сэтгүүл юм. Тус оюутан 2018 онд МУИС-ийн Байгаль орчныг хамгаалах технологи хөтөлбөрийг бакалаврын зэрэгтэй төгссөн бөгөөд “Хотын усны хөх ул мөрийн тооцоолол” сэдвээр дипломын ажлаа бичиж байжээ. 2016 оноос эхлэн “Усны салбар дахь Европын хамтын ажиллагааны инновац” хөтөлбөрийн хүрээнд Нидерланд улсын KWR усны хүрээлэнгийн профессор Kees van Leeuwen, доктор Steven Koop нартай хамтран хэрэгжүүлж буй “Хотын хөх ул мөр” төсөлд 2017 оноос эхлэн профессор О.Алтансүхийн удирдлагад ажиллаж байна.


Судалгааны хүрээнд УЦУОШГ-ийн Усны сектор, Ус сувгийн удирдах газар, БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар, Сав газрын удирдлагын хэлтэс гэх мэт усны асуудал хариуцсан үндэсний олон байгууллагатай хамтран ажилладаг аж. Хамтын ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл өндөр түвшний төсөл 1, олон улсын өгүүлэл 1, сурах бичиг 1, эрдэм шинжилгээний 6 хуралд илтгэл хэлэлцүүлсэн байна. Уг судалгааг цаашид Дархан, Эрдэнэт хотод үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ