Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 662.4 тэрбум төгрөгийн төсөл хэрэгжүүлнэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-17 14:49:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрийг үр дүнтэй, шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээлэл танилцуулга хийхэд чиглэсэн нээлттэй мэдээллийн өдөрлөгийг Төрийн ордонд өнөөдөр нээлээ.

БСШУСЯ, НЗДТГ хамтран зохион байгуулж буй “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалт-2020” нээлттэй мэдээллийн өдөрлөгөөр салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэл өгөхөөс гадна ЕБС, цэцэрлэг болон салбарын бусад барилга, байгууламжид тавих, норм стандартыг хангасан нэг маягийн зураг, макет, холбогдох судалгаа зэргийг танилцуулж байна. Энэ нь орон нутагт хэрэгжүүлэх барилгын зураг, төсөв хийлгэх цаг хугацаа хөрөнгө зардлыг хэмнэх боломж бүрдүүлж байгаа юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нээлтийн үеэр хэлэхдээ, “Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх арга замыг боловсруулж, тодорхой төслүүд танилцуулж байгаа нь нэг онцлог. Тухайлбал, “Хүрээ” бага сургууль, “Өргөө” цэцэрлэгийн төслийг танилцуулж байна. Нийслэлд газар чөлөөлөхтэй холбоотой сургууль цэцэрлэг баригдахгүй төсөв мөнгө нь буцаж татагддаг. Тэгвэл бага зай талбайд барих боломжтой энэ төсөл ойрын үеийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахад хамгийн боломжийн гэж үзэж байна” гэв.

2020 онд улс нийслэл, дүүргийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд 135 цэцэрлэг, 67 сургууль, 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барьж, цэцэрлэгийн тоог 22 хувиар ерөнхий боловсролын сургуулийн тоог 41 хувиар, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын тоог 47 хувиар нэмэхээр төлөвлөжээ.

Мөн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт нийт 614 төсөл хөтөлбөрийг 662,4 тэрбум төгрөг төсөвлөсөн. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2020 онд боловсролын 444, соёлын 121, спортын 38, шинжлэх ухааны 3, бусад 8 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөг энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ.


Холбоотой мэдээ