“Ятгах тусам нягтал” аянд Сүхбаатарынхан нэгдлээ

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-01-17 17:36:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол банк, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба хамтран хэрэгжүүлж буй “Ятгах тусам нягтал” аян тус аймагт амжилттай хэрэгжиж байна. Аяны хүрээнд Монгол банкны Сүхбаатар салбар, Цагдаагийн газар аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.

Тус аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс аянд нэгдэж байна. Аян хэрэгжүүлэгчид хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргажээ. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар сурталчилгааг түгээх, ААНБ-ууд болон олон нийтийн газруудад уулзалт, яриа таниулга хийх зэрэг 12 төрлийн ажил хийхээр төлөвлөн нөлөөллийн ажлаа эхлүүлжээ.


Сүхбаатар аймгийн хэмжээнд залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд тогтмол өсч, одоогоор цагдаагийн байгууллагад 2-40 хүртэлх сая төгрөгийн хохиролтой хэргүүд шалгагдаж байгаа аж. Мөн их хэмжээний мөнгө хожлоо гэх зурваст хууртаж гадны иргэдэд 600 мянгаас нэг сая хүртэлх төгрөгөө залилуулсан тохиолдол хоёр ч бүртгэгдсэн байна.

Тиймээс иргэдийг цахим орчинг зөв ашиглах, аливаа асуудалд нухацтай няхуур хандах шаардлагатай байгааг холбогдох газруудаас анхаарууллаа.

 

Холбоотой мэдээ