С.Амарсайхан: Ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2020-01-18 11:54:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай өчигдөр буюу энэ сарын 17-нд уулзав.


Тус уулзалтад 300 гаруй сургууль, цэцэрлэгийн 1000 орчим удирдах ажилтан оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж Засгийн газарт өргөн барих бэлтгэл ажил хангаж байгааг уулзалтын эхэнд дурдав. Тэрбээр, "Боловсролын салбарт 2017 онд 18.4 тэрбум төгрөг, 2018 онд 23.9 тэрбум төгрөг, 2019 онд 51.7 тэрбум төгрөг, 2020 онд 192 тэрбум, төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Ингэснээр нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй болж, нийт хүүхдийн 74.6 хувь нь сургууль цэцэрлэгт хамрагдсан. Хүүхдүүдэд мэдлэг чадвар олгохын зэрэгцээ зөв хүмүүжил олгох нь хамгийн чухал. Цаашдаа хөрөнгө мөнгө дутагдалтай байна гэхээсээ илүүтэй ажлын хариуцлага хяналтыг бий болгох шаардлагатай байна” хэмээв.


Энэ үеэр “Тольт” сургуулийн захирал Д.Жаргалсайхан хүүхдийн сургалт, хүмүүжлийг хамтатгаж соёлтой, боловсролтой хүн бэлтгэх ёстой гэсэн Хотын даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн Хотын соёл мэдээллийн цагийг сургууль болгон зохион байгуулах хэрэгтэй хэмээв.


Харин СХД-ийн 117 дугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амаржаргал, "Хотын соёлыг бий болгоход сургуулийн өмнөх наснаас нь зөв монгол хүн болгон бэлтгэх ёстой. Цэцэрлэгийн багш ажилчид хүүхдийн хүмүүжлийн суурийг тавихад хандлагааа өөрчилөх хэрэгтэй.  Монгол улс зах зээлийн нийгэмд шилжих үед дан ганц боловсролд анхаарч хүмүүжлийг орхигдуулсан тал бий" гэлээ.

Холбоотой мэдээ