Хогийн цэгийн 20 га талбайг үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-19 22:03:39

Ховд /МОНЦАМЭ/. Хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөлтөд оруулж, үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн ажил шилдгээр шалгарчээ.

Ховд аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар \ГХБХБГ\ нь өнгөрсөн 2019 онд Жаргалант сумын Бичигт багийн нутаг дэвсгэрт буй эвдэрсэн, иргэд хогийн цэг болгон ашиглаж байсан 20 га талбайг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийсэн. Улмаар тус газрыг дахин төлөвлөлтөд оруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар 28 иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн аж. 

21 аймгийн ГХБХБГ, Нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга нарын удирдах ажилтны ээлжит зөвлөгөөн Улаанбаатар хотноо болсон. Энэ үеэр Газрын харилцааны шилдгүүдийг шалгаруулж, шагнаж урамшуулсан байна.

Үүнд, Ховд аймгийн Манхан сумын газрын даамал Ц.Нансалмаа "Шилдэг даамал"-аар шалгарчээ. Харин Ховд аймгийн ГХБХБГ-ын хогийн цэг байсан газрыг дахин төлөвлөтөд оруулан иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлсэн дээрх ажил нь "Шилдэг ажил"-аар шалгарсан гэж албаны эх сурвалж онцлон мэдээллээ.

Түүнчлэн Ховд аймгийн ГХБХБГ нь Барилгын хөгжлийн төвтэй 2019 онд үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Тус гэрээний биелэлт, 2019 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ дэд байрт шалгарсан аж.

 

Холбоотой мэдээ