Мянгад, Дөргөн сумын малчдын санал бодлыг сонслоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумын зарим малчдын санал бодлыг сонсож ярилцлаа.
Дөргөн сумын Агваш багийн малчин Л.Халтархүү, Р.Цулцаг нарынх "Чаргатын улаан уст" гэх газар өвөлжиж байна.
Л.Халтархүү: Амьдралд мал маллах шиг сайхан зүйл
байхгүй...Малчин Л.Халтархүү нь
40 гаруй жил мал маллаж байгаа бөгөөд өдгөө 700 гаруй малтай. Энэ жил өвстэй,
унд устай тэгш сайхан өвөлжиж байна. Ирэх хавар салхи шуурга багатай бол
малчдад тулгамдах асуудал байхгүй, болдог л юм.
Миний хувьд нүүдэлчин
ахуй амьдралд бага наснаас дассан учраас мал маллахаас төвөгшөөдөггүй. Байгаль
дэлхий хур бороотой, өвс ургамал элбэг, цаг агаар тогтуун байхад амьдралд мал
маллах шиг сайхан зүйл байхгүй гэж боддог.
Залуу малчдад зөвлөхөд, малаа гэсэн чин сэтгэлтэй байх ёстой. Ямар нэгэн ган, зуд болоход шантарч, туульширч болохгүй. Тэмцэх л хэрэгтэй. Тэмцэж байж л хүн амьдарна шүү дээ. Хамгийн гол нь малын тоог өсгөх биш чанартай болгоход анхаарах ёстой гэж бодож байна хэмээв.
Р.Цулцаг: Малын хэвтэр бууц хөлдөх нь хүндрэл биш, өвлийн шинж...
Дөргөн сумын
Агваш багийн малчин Р.Цулцаг хэлэхдээ: Би 1995 оноос эхлэн мал маллаж
байна. Манайх 1000 орчим малтай. Малчдад нийгмийн халамжийн асуудал нэлээд
чухал. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээг
хүртээмжтэй, чанартай болгоход төрөөс анхаараасай гэж боддог. Өнгөрсөн зун хур
бороо орж, өвс ургамал сайхан ургасан. Одоо цас багатай, дулаан байгаа учраас
өвөл тавтай байна. Өнгөрсөн жил өдийд хээр талын өвс ховордоод нуурын зэгэс
рүүгээ орж байлаа. Энэ өвөл харин сайхан байна. Малын хэвтэр бууц хөлдөх зэрэг
асуудал байна. Энэ бол хүндрэл биш, зүгээр л өвлийн шинж. Үүнээс хойш цас орсон
ч даван туулах боломжтой гэж бодож байна гэв.
Л.Рэнцэнпүрэв: Үхрийн фермтэй болно
Мянгад сумын Баянхошуу багийн малчин Л.Рэнцэнпүрэвийнх сумынхаа төвөөс 10 орчим км зайд "Муруй тохой" гэх газар өвөлжиж байна.
Малчин Л.Рэнцэнпүрэв 1987 оноос эхлэн мал маллаж байгаа бөгөөд эднийх өдгөө 800 гаруй малтай.
Энэ нутгаар цахилдаг, боронго, шарилж, харгана гэх мэт өвс ургамал элбэг ургадаг. Одоогоор цаг агаарын төлөв байдал хэвийн, өвөл өнөтэй сайхан байгаа тухай ярьж байв. Тэрбээр энэ жил 7-8 орчим машин өвс бэлтгэсэн бөгөөд бэлчээрийн нөөц 10 га талбайг хамгаалсан. Цаашид үхрийн ферм бий болгохоор зорьж, бага багаар бэлтгэж байна гэлээ.
Ховд аймгийн 17 сумын 91 багт 7800 малчин өрхийн 3083.0 мянган мал өвөлжиж байна. Бэлчээрийн хангамж хүрэлцээтэй, цас багатай, өвөлжилт өнөтэй байгаа тул малчдын сэтгэл тэнэгэр байгаа аж.