Сумандаа дугуй засвар ажиллуулж орлогоо нэмэгдүүлсэн залуу

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-01-21 15:41:35

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ХХҮГ 2019 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр зургаан хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Үүний үр дүнд орлого ашиг нь нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирсэн олон жишээ байна. Тэдний нэг Хэнтий аймгийн Дархан сумын хоёрдугаар багийн иргэн С.Эрдэнэбилэгийг энэ удаад онцолж байна. 


С.Эрдэнэбилэг сумандаа “Эргэх хүч” дугуй засварын үйлчилгээ үзүүлдэг хөдөлмөрч хичээнгүй нэгэн. Тэрээр аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-т хамрагдаж таван сая төгрөгийн төсөл бичин санхүүжилтээ хүлээн авчээ. Өмнө нь малчин байсан тэрээр дугуй засварынхаа үйл ажиллагааг явуулж эхлээд жил гаруй хугацаа өнгөрөөд байна.

Төсөл хөтөлбөрт хамрагдсанаар шинээр тоног төхөөрөмж авч, хуучин тоног төхөөрөмжүүдээ засч сайжруулан үйлчилгээгээ улам өргөжүүлсэн байна. Энэ нь ч тэдний ашиг орлого нэмэгдэхэд, ажлын бүтээмжээ сайжруулахад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулсан талаар талархан ярьж байлаа.

Дугуй засвараар олсон орлогоороо их сургуулийн хоёр, дунд сургуулийн нэг, цэцэрлэгийн нэг гээд дөрвөн хүүхдийнхээ хэрэгцээг элбэг хангалуун байлгахын төлөө өдөр бүр өглөөнөөс орой болтол борви бохисхийлгүй ажилладаг.

Түүний энэ их ажил хөдөлмөрт хань нь үргэлж тусалж дэмжин хамтдаа хичээж зүтгэдэг байна. 

Холбоотой мэдээ