Дүүжин тээврийн төслийг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-01-21 15:25:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд нийтийн тээврийг шинэчлэх, автозамын хөдөлгөөнийг түгжрэлийг бууруулах зорилгоор нэвтрүүлэх гэж буй агаарын дүүжин замын тээвэр Cable car-ийг нийслэлээс өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд танилцууллаа. 

Зураг дээрх дүүжин тээврийн нэг кабин нь 8-10 хүний багтаамжтай юм. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд нийслэлд Баянхошууны уулзвараас Ханын материал-3-4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх дүүжин зам барихаар төлөвлөөд байгааг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, БХБ-ын сайд Х.Баделхан, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан нарт танилцууллаа. 


Төслийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн Засаг дарга А/198 дугаартай захирамж гарч ажлын хэсэг байгуулан бэлтгэл ажлыг хийж байгаа юм. Энэ талаар саяхан хэрэгжүүлэгч Франц улсын "Пома" группийн төлөөлөгчид манай улсад ирж нийслэлийн удирдлагатай уулзан тавих, баригдах шугам, санхүүжилтийн талаар санал солилцоод байгаа юм. Төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газарт дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын Захирагч С.Амарсайхан уулзалтын үеэр илэрхийлсэн.




Францын хөгжлийн Засгийн газрын санхүүжилтээр 2020-2021 онд дүүжин тээврийн ТЭЗҮ-г хийж дуусах бөгөөд тус улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хийх уг төслийг Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл ирэх 4 дүгээр сард эхлүүлэх аж. Агаарын дүүжин тээврийн үзүүлэлт:

  • Нэг кабины багтаамж 8-10 хүн
  • Кабины хүлээлгийн хугацаа 3-5 минут
  • Цагт 3000 цаашлаад жилд 3.2 сая хүртэлх зорчигч тээвэрлэнэ.

Нэг талдаа дээд тал нь 4 м/cек хурдтайгаар 16 минут зорчих нь одоогийн авто замын урсгалаас даруй дөрөв дахин илүү үзүүлэлт юм байна. 


Сайд нар мөн нийслэлд БНХАУ-аас нийлүүлж буй цахилгаан автобуснуудтай танилцлаа. Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар болоод байна. Энэ ажлын хүрээнд АНУ, Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой.


Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай.  Нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай, 12 м урт, өндөр нь 3.2 м, өргөн нь 2.5 м.  Цонх 2 давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлжээ.

Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын 2 цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгч байгаа юм.  






Холбоотой мэдээ