Хүүхдүүд хичээлээс гадуурх олон нийтийн ажилд оролцох сонирхолтой гэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-01-21 22:12:53

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн хөгжлийн давуу чанарыг судлах судалгааг 9000 орчим хүүхдийн дунд явуулжээ.

Тус судалгааг хийхийн өмнө хүүхдийн хөгжлийн давуу чанарыг судлах судалгааны арга зүй олгох 16 цагийн сургалтыг 41 нийгмийн ажилтанд зохион байгуулжээ. Сургалтад оролцсон нийгмийн ажилчид  аймгийн хэмжээнд 10-18 хүртэлх насны 9000 хүүхдийг хамруулан судалгаа авсан байна. Энэ судалгаа нь хүүхдийн хөгжлийн давуу чанарыг мэдэхээс гадна, хүүхэд нэг бүрийн хүсэл сонирхол, стандарт хичээлийн сургалтын түвшнийг тогтоогоод зогсохгүй хүүхдүүдийн суралцах сонирхолтой хичээлийг ч тодорхойлох боломжтой ажээ.

Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 80 орчим хувь нь багш нарын сургалтын арга зүйг боломжийн гэж дүгнэсэн бол математик, монгол хэл, гадаад хэлний хичээлийг 78 хувь нь маш сонирхолтой гэж дүгнэжээ. Харин хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь уран зураг, биеийн тамир, дуу хөгжим болон хичээлээс гадуурх олон нийтийн үйл ажиллагааг маш сонирхолтой судлах суралцах дуртай хэмээсэн байна. Хүүхдүүдийн хөгжлийн давуу чанарыг судалснаар багш нар хүүхэд нэг бүртэй ажиллахад нь дөхөм болохоос гадна хүүхдүүдийн хүсэл сонирхлыг нь илүү  хөгжүүлэх боломжтой болно хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. 

Холбоотой мэдээ