Грета Тунберг хэвлэлүүдийг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ayanzaya@montsame.gov.mn
2020-01-22 10:04:12

ДАВОС. /TASS/. Агаар дахь нүүрсхүчлийн хийн ялгарал болон үүний уур амьсгалын өөрчлөлт хэлбэрээр илэрч буй хор уршгуудын талаарх мэдээллийг дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үл тоомсорлож байна хэмээн 17 настай байгаль орчныг хамгаалагч залуу идэвхтэн Грета Тунберг Давос дахь Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.


“Агаарын температур 1.5 хэмээр нэмэгдэх нь яагаад чухал үзүүлэлт вэ? Учир нь 1 хэмээр нэмэгдэхэд л уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хор уршгийн улмаас хүмүүс амь насаа алдаж байна. Уур амьсгалын тогтворгүй байдлыг зогсооход шинжлэх ухааны зорилго оршиж байгаа юм. Өнгөрсөн зунаас хойш би энэ тоог ахин дахин давтан хэлж байгаа хэдий ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн ядаж нэг нь ч энэ талаар дурдаж байгааг харсангүй. Та бүхний энэ талаар ярьж, сонсохыг хүсэхгүй байгааг би мэдэж байгаа хэдий ч та бүхнийг хөдөлж эхлэх хүртэл үүнийгээ үргэлжлүүлсээр байх болно” хэмээн тэрбээр ярьжээ.


Түүнчлэн хүмүүс өөрийг нь сонсож байгаа хэдий ч эрдэмтэд, залуу үе энэ хэлэлцүүлэгт дуу хоолойгоо нэгтгэж чадахгүй байгаад асуудлын гол оршиж буйг Г.Тунберг цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ