Ардын билэг зүйн аман зохиолын анхдугаар наадам ирэх сард болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/. “Ардын
билэг зүйн аман зохиолын анхдугаар наадам”-ыг 2020 оны 02 дугаар 14-ний өдөр
зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан наадам зохион байгуулах ажлын хэсэг хуралдав. Хурлын үеэр наадмын ерөнхий зохион байгуулалт, оролцогчдын хамрах хүрээ, үр дүнгийн талаар санал солилцсон юм.
Тус
наадмыг Ховд аймгийн ИТХ-ын санаачилга дор БСУГ, ГБХЗХГ, ХДТ, Номын сан, Музей
зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.
Энэхүү наадам нь соёлын биет бус өвийн нэгэн хэлбэр болох аман билэг зүйн давтагдашгүй өвөрмөц, уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, хадгалан хамгаалах, гоц авьяастныг тодруулан алдаршуулах зорилготой.
Тус
наадамд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, оюутан,
сурагчид, сайн дурын клуб, нөхөрлөл, хамтлаг оролцох боломжтой юм.
Наадамд
оролцогчид угсаатны хэл, соёл, ёс
заншил, амьдралын хэв маяг, зан үйл, нутгийн аялага, дуудлагыг тодотгон
харуулсан харилцан яриа, өгүүлэмж, ардын аман зохиол, түргэн хэллэг, хошин яриа зэргийг зохиомжлон харуулах учиртай. Улмаар оролцогчид ганцаарчилсан болон хамтлаг төрлөөр оролцох аж.