Ц.Намуунцэцэг И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран при” хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-25 12:27:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иван Ярыгины нэрэмжит “Гран при” XXXI тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-д 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Цогт-Очирын Намуунцэцэг алтан медаль хүртлээ.


Тэрбээр “Бага дэлхийн аварга”-аас Монголын тамирчдын 15 дахь алтан медалийн эзэн болж байна. Түүний жинд 18 бөх барилдсан. Ц.Намуунцэцэг 1/8 шигшээд Казахстаны Светлана Анкичева, шөвгийн наймд Узбекистаны Даулетбик Яхшимуратова, хагас шигшээд эзэн орны Анжелика Ветошкинаг тус бүр оноогоор цэвэр ялсан юм.


Тэмцээний шигшээ барилдаанд 23 хүртэлх насны ДАШТ-ний хошой хүрэл медальт ОХУ-ын Надежда Соколоватай хүчээ сорьсон бөгөөд сүүлийн хоёр жилийн хугацаанд гурван удаа барилдахад бүгдэд нь ялагдсан байжээ. Харин энэ удаа Ц.Намуунцэцэг Красноярск хотын дэвжээн дээр амаргүй өрсөлдөгчөө 7:2-оор ялснаар аваргын алтан медаль зүүж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлэв.

Холбоотой мэдээ