Цас цааны баярыг цуцаллаа

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-01-27 22:53:31

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд олон ястны өлгий болсон хоймор нутгийн онцлог, эрс тэс уур амьсгалтай энэ нутагт амьдарч ирсэн уламжлалт заншил, өв соёл хийгээд, цас, цаа хоёрын зохицол, амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлах зорилгоор ирэх сарын 29-нд болох байсан “Цас, цааны баяр”-ыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс цуцаллаа.

Тус баярыг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төслөөс уламжлал болгон зохион байгуулж иржээ. Энэ үеэр төлөвлөсөн ажлыг 3 дугаар сард болох "Мөсний баяр"-т нэгтгэхээр төлөвлөж байна.

Цас цааны баярын үеэр Дархадын хотгорын сумдын урлагийн тоглолт, нутгийн брэнд бүтээгдэхүүнээр бэлтгэсэн хээрийн цайны амталгаа, цасан дээр гар бөмбөгийн тэмцээн, олс таталт, буухиа гүйлт, цасны сумо, хааг цанын уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг уралдаан тэмцээн болдог ажээ. 

Холбоотой мэдээ