Бэлчээрийн даац хэтэрч, хаваржилт хүндэрч болзошгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-28 12:09:35

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нутагт Дундговь Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай,Төв аймгийн нийт 137 өрхийн 149,0 мянган толгой мал оторлож байна.

Гадны аймгийн мал өнгөрсөн оны 12 дугаар сард 50 мянга гаруй, энэ оны эхээр 70 гаруй мянга байсан бол эдүгээ 149 гаруй мянга болж нэмэгджээ. Олон мянган мал отроор өвөлжиж байгаа, бэлчээр усны нөөц тааруу зэрэг байдлаас үүдэж  цаашдаа  хаваржилт хүндэрч болзошгүй судалгааг албаныхан хийсэн байна.

Сумдад ажилласан Ажлын хэсгийн мэдээллийг үндэслэж аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн болон хаваржилт хүндэрч болзошгүй сумдад өвс, тэжээлийн дэмжлэг, тусламж үзүүлэхээр шийдвэрлэв.

Мөн сумын нөөцийн өвс, тэжээлийг малчдад худалдан борлуулж эрсдэлийн санд төвлөрсөн хөрөнгөөр дахин өвс, тэжээлийн нөөцийг татан авах, малчдад туслах хандивын аян өрнүүлэх, мэргэжлийн байгууллагуудтай ажлын уялдаа холбоог сайжруулах, отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд байнгын хяналт тавьж мал, амьтны гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг сумдын Засаг дарга нарт даалгалаа.

Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, мал сүргийг үзлэг шинжилгээнд хамруулах, тандалт хийх, шаардлагатай вакцин татан авах, эрсдэл бүхий сумдын мал сүргийг тарилгад хамруулах, мал эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг аймгийн Мал эмнэлгийн газарт, аймгийн хэмжээнд бэлчээрийн даацад тулгуурлан отор нүүдлийн зохион байгуулалтад оруулах зураглал гаргах, шаардлагатай өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, малчдад мэдээ, мэдээлэл хүргэх, сумдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг ХХААГ-т тус тус үүрэг болголоо.

Боодол өвсийг 8500 төгрөг, тэжээл, хорголжинг 22000 төгрөг, хивгийг 13000 орчим төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Холбоотой мэдээ