ОУХМ Б.Мөнхзаяа олимпод уралдах эрхээ 3 удаа баталгаажуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-28 13:09:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын шилдэг марафонч ОУХМ Б.Мөнхзаяа Японы Осака хотноо /2020.01.26/ болсон олон улсын тэмцээнд хурд сорьж XII байр эзэлж, Монгол Улсын дээд амжилтыг 2 цаг 28 минут 3 секунд болгон шинэчлэв.


Тэрбээр улсын дээд амжилтыг өмнө нь 2 цаг 29 минут 18 секундээр эзэмшиж байв. Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин Б.Мөнхзаяа бэлтгэлээ хань Б.Доржпаламын удирдлагад хийж тэмцээнд оролцдог бөгөөд “Токио-2020” олимпын наадамд оролцох болзлыг ийнхүү гурав дахь удаагаа биелүүлжээ.



Б.Мөнхзаяа олон улсад нэр хүндтэй Тайванийн марафонд 2017 онд түрүүлж, тус тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны, Азийн хоёр дахь тамирчин болж байв. Өнөөдөр ОУХМ Б.Мөнхзаяа нөхрийн хамт Япон улсад базааж байна.  

Холбоотой мэдээ