Хувь хүний ур чадварыг сайжруулах төсөл хэрэгжинэ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-01-28 21:01:29

Ховд /МОНЦАМЭ/.“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл” 2020-2023 онд хэрэгжинэ. 

Энэхүү төслийн үйл ажиллагааг Японы Хүүхдийг ивээх сан болон Монгол Улсын БСШУСЯ, ХНХЯ, Насан туршийн боловсролын Үндэсний төв, ГБХЗХГ, аймаг, сумын ЗДТГ зэрэг байгууллага хамтран зохион байгуулах аж.

Уг төслийг олон нийтэд танилцуулах, мэдээлэл солилцох зорилго бүхий уулзалтыг Ховд аймагт зохион байгуулав.

Энэ үеэр төслийн багийнхан цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, зарим анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Мөн “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершипийн боловсрол олгох төсөл”-ийг Ховд аймагт хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Энэхүү төслийг Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар гэсэн 5 аймгийн 25 суманд Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх аж.

Монгол Улсын хэмжээнд боловсролд хамрагдах хүрээ өндөр. Гэвч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг.

Тиймээс тус төслийг орон нутагт хэрэгжүүлэх замаар хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгоно.

Ингэснээр тэдний сурлагын чанарыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх боломж бүрдэнэ гэж төслийн багийнхан ярив.

Ховд аймгаас тус төсөлд 6 сум хамрагдах юм. Эдгээр сумыг сонгохдоо орон нутгийн хөгжлийн стратеги төлөвлөгөө, зах зээлийн судалгаа хийх шаардлагатай гэж талууд онцоллоо.

Төслийн хүрээнд 2020 онд сонгосон сумдын хүүхэд, залуучуудад чиглэсэн судалгаа хийх бөгөөд сургалтын хөтөлбөр боловсруулж, гарын авлага бэлтгэх аж.


Холбоотой мэдээ