“Олон улсын залуучуудын ногоон наадам”-д 193 орны төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-29 14:53:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг зохион байгуулах манай улсын нийслэлд шинээр хөлбөмбөгийн талбай, усан бассейн, мөсөн өргөө зэрэг цөөнгүй барилга байгууламж барьж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй “Олон улсын залуучуудын ногоон наадам” 2020 оны есдүгээр сарын 13-20-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Монгол Улсад анх удаа зохион байгуулах тус наадамд хөтөлбөрийг хэрэгжүүлж буй НҮБ-ын гишүүн 193 орны тамирчид оролцоно.


“Олон улсын залуучуудын ногоон наадам” чөлөөт бөх, жүдо, кураш бөх, самбо, жиү жицү, байт харваа, хөнгөн атлетик, шатар, спорт авиралт, усанд сэлэлт, крикет, цахим спорт, хөлбөмбөг, буудлага спорт, ширээний теннис, таеквондо, туялзуур сэлэм, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 төрөлд паралимп, тусгай олимп, дифлимпын уралдаан, тэмцээн наадмуудыг нэг дор зохион байгуулах гэдгээрээ онцлогтой.


Тус наадамд оролцох шилдгүүдээ тухайн спортын холбоод тодруулна. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан тамирчдын нэрсийг 2020 оны зургадугаар сард албан ёсоор зарлана. Харин Улаанбаатарын ногоон наадамд оролцох орнуудын тамирчдын мэдүүлгийг наймдугаар сараас хүлээн авах аж.  


НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийг 2012 онд баталсан. Уг хөтөлбөр нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилсан тогтвортой хөгжилд хүргэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг хэмээн тодорхойлдог бөгөөд Улаанбаатарын “Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын уриа, зорилго энэ тулгуур зарчимд суурилсан байхыг уг наадмыг зохион байгуулагчид онцолж байгаа юм.

Холбоотой мэдээ