Карибын тэнгисийн орчимд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2020-01-29 15:36:11

КИНГСТОН. /BBC/. Карибын тэнгисийн орчимд 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас АНУ-ын Флорида муж улсын Майами хотын зарим албан байгууллагын ажилтнуудыг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.


“Уг газар хөдлөлтийн гүн Ямайка, Куба, Кайманы арлуудын дунд 10 километрийн гүнд байсан” гэж АНУ-ын Геологийн судалгааны төв мягмар гарагт мэдээлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Карибын тэнгис орчмын орнуудад мэдрэгдсэн хэдий ч хэн нэгэн гэмтсэн талаарх мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байна.


Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Майами хот болон Ямайка улсын зарим хэсэгт хэд хэдэн албан байгууллагын ажилтнуудыг түр хугацаагаар нүүлгэн шилжүүлжээ. 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй холбогдуулан цунамийн түгшүүр зарласан боловч тун удалгүй цуцалжээ.


Газар хөдлөлтийн голомтоос 300 километрийн бүс дотор оршдог Белиз, Куба, Хондурас, Мексик, Кайманы арлууд, Ямайка зэрэг орнууд цунамийн аюулд өртөж болзошгүй байсан хэдий ч цунамийн аюул нүүрлэх эрсдэл буурсан талаар Номхон далайн цунамийн аюулаас анхааруулах төв орон нутгийн цагаар оройн 20:45 минутын орчимд мэдээлсэн байна.


Кубын нийслэл Хавана, Ямайка улсын нийслэл Кингстон, Майами зэрэг хотод чичирхийлэл нь мэдрэгдсэн газар хөдлөлтийг 7.3 магнитудын хүчтэй хэмээн тооцоолж байсан боловч сүүлд 7.7 болгон нэмэгдүүлжээ. 


Б.Отгонтуяа

Холбоотой мэдээ